Сирийн Алеппо хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр босогчид гэнэтийн дайралт хийсний дараа Сирийн агаарын хүчин Оростой хамтарч сөрөг хүчнийхэнд цохилт өгч эхэлсэн юм. Гэвч Сирийн өмнөд хэсэгт байгаа босогчдын хүчин Дераа бүс нутгийн ихэнх хэсгийг ням гарагт эзэлжээ. Засгийн газрын хүчинтэйгээ тулалдсан тэд бүс нутгийн цэргийн объектуудыг хяналтдаа авсан юм.
Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын төвийн мэдээлснээр босогчид Дераа бүс нутгийн 90 гаруй хувийг хяналтдаа авсан бөгөөд засгийн газрын мэдэлд зөвхөн Санамайн бүс нутаг үлдсэн байна.
Улмаар тус улсын ерөнхийлөгч Башар аль-Асадын гэр бүл Орос руу дүрвээд байгаа юм. "Асадын дэглэм"-ийн хатууг туулсан Сирийн бараан өдрүүд ийнхүү эцэс болж, Сирид олон хүн Асадын засаглалын төгсгөлийг тэмдэглэж байх зуур түүний хаана байгаа тухай таамаг дэгдээд байв. Эцэст Оросын төрийн мэдээллийн хэрэгслээр түүнийг Москвад газардсан гэж зарласнаар нууц тайлагдлаа.
“Асад болон түүний гэр бүлийнхэн Москвад ирлээ. Орос улс хүмүүнлэгийн шалтгаанаар тэдэнд орогнол олгосон” гэж Кремлийн эх сурвалж мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)