Умард Солонгосын 8000 орчим цэрэг Украины хилийн ойролцоо ирсэн тухай өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын тал мэдээллээ. Тодруулбал, эрс олширсон бие бүрэлдэхүүнтэйгээр Оросын арми Курскийн хил рүү хөдөлсөн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ярьжээ.
АНУ-ын талын тооцоолсноор Умард Солонгосын 10 мянга орчим цэрэг ОХУ-д байгаа. Энэ тоог Өмнөд Солонгос 11 мянга гэж хэлсэн бол Украин 12 мянга гэж тооцоолжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Хойд Солонгосын цэргүүдийг Украины эсрэг байлдахыг хараахан хараагүй байгаа ч ойрын өдрүүдэд ийм зүйл болох байх. Орос улс Хойд Солонгосын цэргүүдийг их буу, нисгэгчгүй нисэх онгоц, явган цэргийн үндсэн ажиллагаа, шуудуу цэвэрлэх зэрэгт сургаж байна. Энэ нь тэднийг фронтын ажиллагаанд бүрэн ашиглах хсүэлтэй байгааг харуулна” гэв.
Түүнчлэн хойд солонгос цэргүүдийг Оросын дүрэмт хувцас, техник хэрэгслээр ч хангажээ.
“10 мянган хойд солонгос цэрэг ирлээ ч Оросуудын өнөөг хүртэлх алдагдлыг нөхөхгүй” гэж Ллойд Остин хэллээ.
Цэргээс гадна Хойд Солонгосоос Орост зэвсэг нийлүүлсэн. Энэ сарын эхээр Хойд Солонгос 1000 чингэлэг цэргийн техникийг төмөр замаар тээвэрлэснийг Цагаан ордон мэдээлэв.
Л.Баяр