Бээжинд нэгэн этгээд хутгатай халдлага үйлдсэний улмаас таван хүн, түүний дотор гурван хүүхэд шархадсан тухай Хятадын цагдаа нар Даваа гарагт мэдээллээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар 15.20 цагийн орчимд Хятадын нийслэлийн Хайдян дүүрэгт болсон гэж орон нутгийн цагдаагийн газрын хэвлэлийн ажилтан ярьжээ.
Сэжигтэн Танг 50 настай, эрэгтэй. Тэрбээр хэргийн газарт баригдсан байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь насанд нь аюул заналхийлээгүй байгаа гэнэ.
Олон нийтийн сүлжээгээр цацагдсан нэгэн бичлэгт хоёр хүүхэд газар цус алдсан байдалтай хэвтэж байгааг харуулжээ. Цагдаа нарын мэдээлснээр уг хэрэг Ванчуанжуан зам, Ванлиугийн дунд замын уулзварт болсон байна. Уг байршил Жунгуанцүн гуравдугаар бага сургуулийн хажууд байдаг.
1.4 тэрбум хүн амтай тус улсад хүчирхийллийн гэмт хэргийн гаралт бага боловч сүүлийн хэдэн арван жилд хутгатай холбоотой хэргүүд олшрох болсон.
2020 онд бага сургууль руу хутгатай этгээд халдсан. Мөн 2022, 2023 онд цэцэрлэгийн хүүхдүүд рүү хутгатай этгээд халдсан хэрэг олныг цочроож байв.
Л.Баяр