Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр байр сууриа хэдийнэ эзэлж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжсээр ирсэн “Нью Стар” студийн 20 насны төрсөн өдөр маргааш тохиож байна. Тус студийн 20 жилийн ойд зориулсан Бүх оддын тоглолт энэ сарын 18-нд “UG Arena” цогцолборт болох бөгөөд үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тоглолтод 90 орчим уран бүтээлч оролцох бол зохион байгуулалтад 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Уг тоглолтын хамгийн залуу уран бүтээлчээр дуучин Б.Энхзаяа оролцож байгаа аж.
“Нью Стар” студийн захирал Л.Энхмандах “Анх 2004 онд “Стар” студиэ байгуулсан бол 2007 оноос “Нью Стар” болсон түүхтэй. Тоглолт хийх талаар бид өнгөрсөн жилээс ярилцаж эхэлсэн бөгөөд өнөөдөр бэлтгэл ажлыг 100 хувь хангаж дууслаа. Манай тоглолтын ерөнхий найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн “Рок мангас” Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар С.Гантөр ажиллаж байна. Хамгийн хүндтэй зочноор “Соёл Эрдэнэ”, “Өргөө”, “Инээмсэглэл”, “Айзам 2” хамтлаг оролцох болно” гэв.
Харин тоглолтын найруулагчаар ажиллаж буй Р.Мөнхсайхан хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд хийсэн, бүтээснийг нь дүгнэвэл хит дуугаар хэмжих байх. Анх жагсаалт гаргахад 200 гаруй хит дуу гарч байлаа. Яг уран бүтээлчээр нь тоолбол 47 хамтлаг, дуучин болсон. Дуу яаж хит болдог вэ гэхээр тухайн цаг үед сонсогчдод хүрснээр нь тодорхойлох юм. Тэгэхээр энэ тоглолтод дуулах бүх дуу үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон. Бүх дууг амьд хөгжимтэй дуулах учраас дахин давтагдашгүй тоглолт болно. Үзэгчдэд зориулсан содон хөтөлбөртэй. Өнөө цаг ийм олон дуучныг нэг дор цуглуулна гэдэг амар ажил биш. Харин “Нью Стар” студи нэр хүндтэй учраас тэднийг цуглуулж чадаж байна. Тиймээс тоглолтоос та бүхэн сэтгэл хангалуун гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэлээ.
Тоглолтын тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой. Харин тоглолт 17:00 цагт үүдээ нээж, 19:00 цагт эхлэх бөгөөд дөрвөн цаг гаруй хугацаанд үргэлжлэх ажээ.