"Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль"-д зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчилсан. Ийнхүү хуульчлахын гол үндэслэлийг бодъё л доо. Нийслэлд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн 2,900 гаруй гэмт хэргийн 2,116 нь таксины жолоочтой холбоотой байжээ. Өнгөрөгч онд орон нутагт гарсан хүн амины хэрэг ч энэ шийдвэрт нөлөөлөгч хүчин зүйл болсон гэж харж буй.
Өнөөдрөөс мөрдөж эхлэх хуулийг "түгжрэлийг бууруулах" л зорилготой гэж тайлбарлаад байвал дагаж мөрдөх хүн бараг л олдохгүй. Учир нь нийслэлд амьдарч буй иргэд хувийн хөрөнгөө эдэлж болохгүй, цаашилбал бараг л "өмч"-тэй байж болохгүй, насан машин нь түгжрэлийг түгжээ, гэр хороолол дахь газар нь агаарын бохирдлын зуух, албан тушаалтны ажлын "садаа" гэдэг ойлголтыг бүхий л шийдвэрээр өгч байгаа шүү дээ. Хамгийн гол суурь ойлголтыг түгээх асуудал зарим хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй мэт санагдана.
Хар болон ердийн гэсэн хоёр ангилал бүхий такси үйлчилгээг нэвтрүүлж, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс эхлэн 5-50 сая хүртэлх төгрөгөөр торгоно.
Хүссэн болгон нь такси үйлчилгээнд явж, "халтуур"-ын мөнгөө амьдралдаа нэмэрлэж чадахгүй болно. Учир нь хүссэн болгонд нь зөвшөөрөл авах 3 сая төгрөг үгүй. Өнөөдрөөс эхлээд зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлж, ямар нэгэн гэмт үйлдэл гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ. Гэхдээ нэг л ойлгомжгүй. Хэрхэн, яаж энэ бүгдийг зохицуулах юм бэ? Зам болгондоо камертай бил үү, гэр хорооллын дунд ч тэр нь бий билүү? Торгоно гэснээс өөр зүйл алга. Харин дээрх зохицуулалтад "UB Cab", "Aba Mongolia" зэрэг аппликэйшнээр үйлчилгээ авсан тохиолдолд хамаарахгүй. Цааш нь... Үнэндээ иргэд хахир өвлийн хүйтэнд автобусны буудал дээр осгохын наагуур болж, автобус хүлээж цөхөөд такси барьдаг. Энэ өвөл ч тэр байдал үргэлжлэхээс зайлахгүй. Учир нь түгжрэлийг шийдэх ажил хийгдээгүй. Ганцхан замуудыг л шинэчилсэн. Чухамдаа бол хуучин замаар явсан ч түгжирнэ, шинэ замаар явсан ч түгжирнэ. Харин такси үйлчилгээний тухайд зөвшөөрөлтэй ч түгжирнэ. Зөвшөөрөлгүй ч түгжирнэ. Гагцхүү хуулиар зохицуулж, гэмт хэрэг зөрчлийг гаргахгүй байх талаас нь харвал сайшаалтай шийдвэр.
Тэгэхээр иргэдэд нэг сонголт гарч ирнэ... Тэр нь такси үйлчилгээний компанид нэгдэх. Иргэдэд ээлтэй үйлчилгээ ч нэг талаар халгаатай. Тухайлбал UBcab түгжрэлд гацсан ч минут болгондоо мөнгө авдаг. Нөгөөх нь ч ялгаагүй болов уу. Тиймээс аль хэдэн төгрөгөнд нь хэмнэлттэйг үйлчлүүлэгч сонгоно. Улаанбаатарт бол тэгэхээс өөр аргагүй. Амьдрал ийм байгаа нь үнэн гэдэгтэй эвлэрэхээс аргагүй. Хэн дуртай нь үнэ тогтоож, стандартын бус үйлчилгээ үзүүлэх нь угаас байж боломгүй ч бид үүнтэй эвлэрэн амьдарсаар иржээ.
Торгохоороо айлгадаг биш хуулийг сурталчлан таниулдаг байя. Сонгуулийн ухуулгын ажил шиг ээ, хуулийг ард түмэнд таниулахдаа анхаардаг байя. Торгоно шүү гэж даналзах биш. Энэ хуулийн мөн чанар чухам юу болохыг ойлгуулахад аяндаа цэгцрэхгүй гэж үү.
Ингэлээ гээд такси үйлчилгээ үзүүлж буй хар үгээр бол "халтуурчин" болгон гэмт хэрэг үйлддэг гэсэн үг бус зүгээр л танаас өөр хэн нэгэн гэмт хэрэг үйлдэх магадлалтай, үйлдчихсэн, үйлдэж явааг үгүйсгэх аргагүй.
Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлд
- 30.4. Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд
-
29.1.14. Орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3,000,000-10,000,000 төгрөг.
УИХ-аас тогтоол гаргахдаа "Цахим платформоор үйлчилгээ үзүүлж байвал үүнд хамаарахгүй" гэх заалт нэмж оруулсан байна. Тус платформоор үйлчилгээ авсан иргэдийн дунд гэмт хэргийн шинжтэй зөрчил илрэх нь бага байдаг аж. Жолооч бүртгэхдээ өмнө нь хэрэгт холбогдсон түүхгүй, торгуулийн хэмжээ хэт өндөр зэргийг нягталдаг байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)