Нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” барих төсөл буюу “Их тойруу”-гийн гудамжны дахин төлөвлөлтийн дэд төслийн ТЭЗҮ, техникийн зураг төсөл болон зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг энэ 7 долоо хоногт зарлахаар төлөвлөсөн талаар мэдээлсэн. Улаанбаатар хотын Их тойруугийн гудамж нь замын хөдөлгөөний өндөр ачаалалтай, хотын төвийн чухал хэсэгт байрладаг бөгөөд замын нягтрал, чанар, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлж буй. Түүнчлэн Их тойруугийн гудамжийг дахин төлөвлөх, дэд бүтцийн шинэчлэлт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто болон явган хүний зам, нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулахаар зөвлөх үйлчилгээний техникийн тодорхойлолт болон ажлын даалгаврыг боловсруулж дуусаад байна. Ирэх долоо хоногт олон улсын зөвлөх үйлчилгээний нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж.
Уг шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон улсын түвшний огтлолцол зам болохоороо Монголдоо анхдагч бөгөөд онцлог зам болох юм.
Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа бөгөөд 2025 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Уг Туулын хурдны зам нь 33 км үргэлжилнэ. Анхны зураг төслийг 4 эгнээ замтай байхаар хийсэн бол зураг төслийг шинэчилснээр 6 эгнээ болох аж.