Дэлхийн их сургуулиудын 2025 оны эрэмбэ зарлагдаж, МУИС анх удаа чансаагаараа 1501-д жагсаж эхэллээ. Монгол Улсын Их Сургууль нь 1942 оны 10 дугаар сарын 5-нд байгуулагдсан, Монгол Улсын анхны их сургууль юм. Улаанбаатар хотод 5 бүрэлдэхүүн сургууль, факультеттай ба Завхан, Орхон, Ховд аймгуудад салбартай. 1995 оноос бакалавр, магистр, докторын зэрэг олгох хөтөлбөртэй. МУИС нь монгол хэл дээр 80 гаруй сургалтын хөтөлбөр явуулдаг. Тус их сургуульд Монголоос гадна АНУ, ОХУ, БНСУ, Вьетнам, БНХАУ, Лаос, Япон, Афганистан, Турк зэрэг орноос оюутнууд ирж суралцдаг.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их хурлын 1940 оны 3 дугаар сарын 22-ны тогтоолд үндэслэн, 1940 оны 12 дугаар сарын 6-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс “Улаанбаатар хотноо улсын университет байгуулах тухай" 45 дугаар тогтоол гаргажээ. Дээрх шийдвэрийг үндэслэн БНМАУ Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр 1942 онд Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын Университетийг байгуулсан байна. БНМАУ-ын МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс гаргасан Их сургууль байгуулах бэлтгэл ажлыг хангах үүргийг тухайн үеийн Гэгээрлийн сайд Түжингийн Машлай гүйцэтгэж байв. Монгол Улсын Их Сургууль нь Дэлхийн II Дайны үед үндэс сууриа тавьж, Монгол улсад үндэсний дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх анхны их сургууль болов.
МУИС нь түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол улсад дээд боловсролын тогтолцоог бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ.
Л.Баяр