2007 оноос эхлэлтэй Үндэсний номын баяр энэ сарын 13-15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн номын баяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах юм.
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас анх санаачилсан уг баярыг УИХ-ын даргын ивээлд зохион байгуулдаг байв. Түүнчлэн Улсын их хурлын дарга асан Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэхээр хуульчилсан билээ. Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй “Номын баяр”-т 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч тогтмол оролцдог. Уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг гэсэн албан тоо бий.
Өнгөрсөн хавраас зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ, гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлжээ. Өмнөх баяруудад урилгаар Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Турк зэрэг улсын хэвлэлийн газар, утга зохиолын агентлагууд оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзалт хийн, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПАУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцохоор болжээ.
Түүнчлэн энэ удаагийн номын баярт Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт болно.