Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хоёрдахь үе шат эхэлж байна.
Энэ хүрээнд мод тарих үндэсний өдрийг тавдугаар сар дуустал үргэлжлүүлэх юм. Энэ өдрүүдэд нийслэл хотын найман байршилд 300 гаруй байгууллага мод тарихаас гадна 21 аймаг төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарихаар төлөвлөжээ.
Ингэснээр ганц, хоёр өдөр мод тариад өнгөрөх бус, орон нутаг, иргэд, байгууллагуудыг дэс дараатай, зөв зохион байгуулж, тарьсан модоо арчлах байдлаар цаг хугацааны хавчигдалгүй, өргөн бүрэлдэхүүнээр мод тарих аянд нэгдэх боломжийг бүрдүүлж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая мод тарьж ургуулаад байна. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ.
Манай орны экосистемийн доройтол нь өрх гэр бүл, хувь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, улс орон, бүс нутгийн эдийн засагт ч нөлөөлж эхлээд байна. Иймд үүнийг шийдвэрлэх чухал бөгөөд богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ нь мод тарьж, ургуулах юм.
Мод тарих амлалт авсан томоохон уул уурхайн компаниуд өнөөдрийн байдлаар:
- "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 100 сая мод тарихаас 500 мянган тарьц, суулгац, 4 сая мод,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК 180 сая мод тарихаас 53 мянган тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 330 орчим мянган мод,
- "Оюу толгой" ХХК 100 сая мод тарихаас 900 мянга гаруй тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 220 мянга гаруй мод,
- "Тавантолгой" ХК 7.5 сая мод тарихаас 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 12 мянган мод,
- "Энержи Ресурс" ХХК 40 сая мод тарихаас 150 мянган модыг тус тус тариад байна.