Хаалга байтугай хаяа, тооно байтугай тотгоор багтдаггүй мөртлөө буурсаар буурсаар буурцагийн чинээ болж буй инфляц, өссөөр өссөөр өрх бүрийг өргөөд тэнгэрээс дээш шидэхдээ тулсан эдийн засгийн өсөлт нь манай улсад л "хий үзэгдэл" шиг байна.
Цар тахлын нөлөө гэх мэт бурууд бамбай, зөвд сэлэм болсон үгээ сонгуулийн өмнө будаа шиг цацаж, "чанаргүй зээлдэгч" нэрнээс нь салгаж өгч гялайлгаж байх. Даанчиг талхаа хүртэл таллаж авдаг манай нийгэмд муу зээлийн түүхээ устгуулж чадах бэлэн мөнгөтэй хүн тун ховор юм. Зургадугаар сарын 2-ний өдрийн дотор зээлээ төлж амжвал өнөөх муу нэрнээс салж, санаа амрах боломжтой.
Төлчихсөн, төлөхөд бэлэн явж байсных нь зол болох нь баяртай ч хорь хоногийн дотор төлж чадаагүйнх нь хохь болох нь харамсалтай.
Зээлийн муу түүх бол зүгээр л монгол хүний амьдралын түүх юм. Үүний цаана асар олон асуудлууд ар араасаа эгнэж, нэг орвол гарах гэж зургаан жил болох эдийн засгийн шоронд бид хоригдож байна. Чухамдаа энэ ч эх орноосоо дүрвэх томоохон шалтгаануудын нэг болж буй. Унаагаа сайжруулъя, халаасны өрөөнөөс нэг өрөөнд, нэг өрөөнөөс хоёр өрөөнд оръё, гарааны бизнес эхлүүлье, гараа ганзаганд хөлөө дөрөөнд хүргэе гэвч бас л зээлийн түүхтэйгээ зууралдсаар хамаг залуу нас, хамаг амьдрал урсаад өнгөрөх улс.
Авсан бол буцааж төлөх нь жам ёсны зүйл. Гэвч төлсөн хойноо "ял" эдэлж буй мэт пайз зүүх нь там бус уу. Үүнийг энэ дөрвөн жил ярьчих ухаантай гишүүн ч байсангүй. НӨАТ гэх мэт аар саархан зүйл эргүүлж байгаад л цагаа дуусгаж байна. Хулгайчид нь сул чөлөөтэй, хуруу хумсаа хугалах шахан зүтгэж буй иргэд нь эдийн засгийн эрх чөлөөгүй, "муу зээлийн түүх" нэрэн дор боомилуулж байх нь тохуурхал ч шиг.
Хамгийн даажинтай нь ард түмнийг амьдрал руу "хямдрал"-ын шуурга шиг шагайгаад өнгөрч буй шийдвэрүүд л халагламаар байна даа.
М.Жаргал