Монголын улс төр, урлаг спортынхонд гэмтэй ч хүн алга, гэмгүй ч хүн алга. Гэм хийсэн хүний гэмийг шүүмжилж буй ард түмэн л "гэмтэн" болж дуусаж байна. Нэр холбогдсон хэрэг болгон нь "хий үзэгдэл"-ийн хийсэн үйлдэл болж, замхарч байх жишээтэй. Яг хэн нь буруутан гэдгийг бурхан байгаад ч мэдэхээсээ өнгөрөв.
Төрийн өндөр дээд эрх мэдэлтнүүдийн гар хөлөөс хөтөлсөн "Хөгжлийн банк"-ны хэрэг хүртэл өчнөөн хүнийг яллагдагчаар татаад доодсуудыг нь гэм буруутайд тооцсон дашин шог л болж өнгөрсөн.
Өдгөө "Цавчаа ногоон"-ы асуудал хүртэл сонгуулийн тоосонд булагдаж, нотлох баримтыг хянан шалгах түр хорооны гишүүд хэлээ залгисан юм шиг дуугүй болчихлоо.
Хуруу хумсаа дүрсэн байж мэдэх хүмүүс хошуу өргөж биеэ өмөөрсөн хэвээр. Хуулийн байгууллагын хаалгаар ороод цонхоор нь гараад явчихдаг улс төрийнхөн байдаг л гэх.
Салбар салбартаа буруугүй буруутнууд бишгүй болж, буглуулан, бугшуулан өөдөө мацсаар байх юм.
Урлагийнхны өнгөрсөн түүх өнөөгийн карьер, нэр төрийг тэнгэрт тултал өргөж, дагагчдынх нь тоо хүртэл нэмэгдэж байна. Энэ буруугаа хүлээж, уучлалт гуйх соёл ч алга. Ёс суртахуун гэдэг нэр алдараас нь тэргүүн тавигдах ёстой урлагийн салбарынхан ёс суртахууны хэлтэрхий ч үзүүлэхгүй байгаа нь бас л гайхмаар үзэгдэл.
Үндэсний бөх бүр шалбаг шалбааг, намаг балчигтаа баригдаж гүйцэв. Жудаг гэдгийг харуулах ёстой бөхчүүд уйлан дуугарч, үлгэр зохиож, түмний өгсөн нэр нүүрийг шороотой хутгаж байна.
Бөх, морь хоёр нь тариураас салахаа больсон монгол "үндэсний" наадам ч удахгүй болно.
Атал М.Бадарчийн хэрүүл, үнэн худал нь эс мэдэгдэх "үнэмшилгүй" драмыг өчнөөн сар үзчихэв. Чухамдаа даян аварга Н.Батсуурь шиг андуурч хэрэглэсэн гэх эмээ бариад олон түмний өмнө буруугаа ухамсарласан бол муутай хутгасан нэрээ ядаж л хагас хугас "үнэн"-тэй нь аваад үлдчих байв.
М.Жаргал