Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Зуны сар гарав. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотын хөндүүр асуудлууд нүдээ нээж байна. Гол мөрөн өөрөө шуугин ирдэг "гайхамшигт" хотод бид амьдардаг билээ. Ус зайлуулах хоолой нь борооны усыг зайлуулж дөнгөдөггүй, машин зам нь үерлэнэ, жилдээ хэдэн сар уртын харайлтаар хичээллэж, хуурай газарт арайхийж хөл тавина. Зарим нь бүр цүлхийтэл усанд уначихна.
Өнгөрсөн зун нийслэл тэр аяараа урсчих шахсаныг яаж ч мартах билээ. Жилийн жилд цэмцгэр гуталтай явах, бороо орлоо гээд хөөрцөглөх ч "эрхгүй", үр дүнг нь үргэлж бодоостой аж төрөх л халаглам.
Хэдхэн цагийн усан бороог даахгүй "урсанги" нийслэлдээ бид "усан цэрэг" шиг, "шумбагч онгоц" шиг л булхаж сурсан байна.
Утаа униар, цасан шуурганаас салж нэг юм амьсгаа аваад шавар шалбааг руу үсрэн ордог нь гашуун. Энэ шавар шалбаагийг туучиж гараад "хүн" болох ч юм шиг. Хэзээ нийслэлд "хүн шиг амьдрах" юм бол. Эрүүл аюулгүй орчинд амьдарч үзэх сэн.
Өвөл нь нисэж, тэнгэрт харвачих гээд, зун нь живж, тэнгэрт хальчих гээд мөн ч адармаатай. Хэн удирдаад хот өөрчлөгдсөнгүй. Дөрвөн уулынхаа дунд цас бороог яс махандаа тултал мэдрээд намгийн мэлхий шиг хаа нэг дуугарчихаад л нам гүм.
М.Жаргал