ФИБА-гийн "World Association Basketball Coaches" (WABC)-гээс дэлхий даяар гишүүн орнууддаа дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж, орчин үеийн сагсан бөмбөгийн шинэчлэлийг сурган хөгжүүлж, лиценз олгодог билээ. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос "Athletes in Action" клубын дасгалжуулагч Э.Ариунболд Энэтхэг улсын Ченнай хотод 2024 оны 4 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд болох "FIBA WABC Level 1 Coach Instructor Course"-д оролцохоор шалгарчээ. Тэрбээр тус сургалтанд оролцохоор энэ сарын 25-ны өдөр Энэтхэг улсыг зорино.
ФИБА-гийн зааврын дагуу МСБХ-ноос дасгалжуулагч багшийн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Монголын сагсанбөмбөгийн дасгалжуулагчдын холбоотой хамтран өнгөрсөн оны 11 дүгээр сараас гуравдугаар сарын турш үргэлжилсэн сургалтыг зохион байгуулж, С зэрэглэлийн лицензийг олгожээ.
Цаашид сургалтууд жил бүр зохион байгуулагдах агаад дасгалжуулагч, багш нарыг олон улсын сагсан бөмбөгийн хөгжлийн түвшинтэй зэрэгцэн хөгжүүлэх ажлуудыг тогтмол хийхээ МСБХ-оос мэдэгдлээ.
Дээрх олон улсын сургалтанд сонгогдох үндсэн шалгуур нь сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар хүүхдүүд болон мэргэжлийн түвшинд ажилласан байдал, англи хэлний мэдлэгийн түвшин гол нөлөөг үзүүлсэн байна.
Э.Ариунболд нь тус сургалтанд хамрагдах шалгалтаа амжилттай өгснөөр Монгол Улсаас анх удаа Олон улсын дасгалжуулагчийн сургалт зохион байгуулах эрх буюу FIBA Coach Instructor лицензтэй болох боломжтой болжээ.