“Говь” ХК 2024 оны I улиралд 35.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсныг тайлагналаа. Тайлант хугацаанд 6.6 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлт болов. Дотоодын зах зээлийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өссөн байна. Үүнд бүтээгдэхүүний нэр төрөл, шинэ коллекцууд нэмэгдсэн зэрэг нь нөлөөлсөн.
Харин гадаад зах зээлийн хувьд 2024 онд маркетингийн зардлаа бууруулж, брэндинг рүү чиглэсэн маркетинг голлон хийхээр төлөвлөж байгаа аж. Маркетингийн зардлыг бууруулснаар борлуулалтын орлогод шууд нөлөөлж, орлого нь буурахаар байгааг мэдээлсэн. Гэхдээ энэ онд борлуулалтын өсөлтөөс илүү ашигт ажиллагааг сайжруулахад анхаарч байгаагаа онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор маркетингийн зардал I улиралд өнгөрсөн оны мөн үеэс 68 хувиар буурч, борлуулалт нь 69 хувиар буурсныг тайлагнав. Компани эхний улиралд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэн 100 хувь ноолууран малгайг худалдаанд гаргасан. Мөн шинэ төрлийн бүтээгдэхүүн болох ноолууран цүнхний хөгжүүлэлт хийж буйгаа онцолжээ.
Он гарсаар “Говь” ХК-ийн хувьцааны ханш хэлбэлзэлтэй, сүүлийн арилжаа хаахад 269.99 төгрөг болж, зах зээлийн үнэлгээ нь 210.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Тус компанийн 85.29 хувийг “Таван богд холдингс” ХХК эзэмшиж байна.
Эх сурвалж: BloombergTv Mongolia
Сэтгэгдэл (1)