Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч ААН-тэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой боллоо.
Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д эрүүл мэндийн нэн шаардлагатай дараах 7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, 5-р сарын 4-өөс өмнө бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- Эмийн жор
- дүрс оношилгооны дүгнэлт
- шинжилгээний хариу
- хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ
- амбулаториор эмчлүүлэгчдийн карт
- жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт
- эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр
Эдгээр үйлчилгээнээс эхний ээлжид “Эмийн жорын мэдээлэл” үйлчилгээ цахимжиж E-Mongolia платформд шинээр нэвтэрлээ.
Эмийн жор нь нэг жилийн хугацаанд эмийн архив хадгалагдах ба жор бичиж байгаа эмч системд шивж оруулахад жор бичигдэнэ. Бичигдсэн жорыг 7-14 хоногийн хугацаанд иргэн өөрийн E-Mongolia -аар нэвтрэн эмийн санд үзүүлэн эмээ авах юм. Үйлчилгээнд зөвхөн жороор бичигддэг эм хамаарах бөгөөд жороор олгодоггүй эмийг иргэд шууд авах юм. Үүнээс гадна тухайн эмийн танилцуулга, хэрэглэх заавар болон гаж нөлөөг мэдээлэх боломжтой.
Үйлчилгээг авахын тулд E-Mongolia платформд нэвтрэн орж “ЭРҮҮЛ МЭНД ЦЭС”-ийн “ЭМИЙН ЖОР” үйлчилгээг сонгон үйлчилгээ авах товчийг дарснаар дэлгэц дээр таны болон таны хүүхдийн мэдээлэл гарч ирэх ба эмийн жор харах гэж буй хүнээ сонгон цааш үргэлжлүүлнэ.
Тус үйлчилгээнээс эмийн жор олгосон огноо, эмнэлгийн нэр, жорын дугаар зэрэг мэдээллийг харах боломжтойгоороо онцлог юм.
Тодруулбал идэвхтэй болон идэвхгүй жор гэсэн 2 сонголт гарч ирнэ .
• Идэвхтэй жор гэдэг нь хүчинтэй огноо дуусаагүй буюу хараахан худалдаж аваагүй эмийн жагсаалтыг харуулах бөгөөд өвчний онош болон жор бичсэн эмчийн мэдээллийг агуулна.
• Идэвхгүй жор гэдэг нь хүчинтэй огноо дууссан буюу өмнө нь бичүүлж байсан жорын түүх харагдана.
Энэхүү үйлчилгээ нь Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдсон эмнэлгийн мэдээллийг дамжуулж байгаа ба хэрэв таны мэдээлэл олдохгүй тохиолдолд Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдоогүй байх магадлалтай тул 1111-2 утсаар холбогдон лавлана уу.