УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар хөдөө орон нутгийн малчдад "Бэлэн байдал"-ын цүнх нэртэй "Санта багц"-аа задалж үзүүлэв. Багцад нэг ширхэг "шоколад", нэг боодол шүдэнз, нэг ариун цэврийн цаас, сайдын хэлснээр цай бас "шимийн архиа хийгээд явах сав" гэх мэт 21 төрлийн зүйл багтжээ.
Хамгийн хоржоонтой нь "Шоколад" байв. Илчлэг сайтай хэмээн сайд С.Амарсайханыг танилцуулж суух үеэр дэргэд нь суусан Г.Тэмүүлэн гишүүн инээдээ арайхийн барьж суугаа харагдана.
Бэлэн байдлын цүнх хэрэгтэй юу хэрэгтэй. Гэвч түлш, бинзен ч үгүй, зуд турхантай тэмцэж байгаа малчдад цасан шуурганд "шоколад идээд суух зав байхгүй".
С.Амарсайхан хотын дарга байхдаа дүүжин тээвэр амласан боловч хийсэн ганц нь төв талбайд байх усан оргилуур. Өнөөдрийн нөхцөл байдалд дүүжин тээвэр нь агаарт яг л гацуурын чимэглэл шиг таг хөлдөх байсан биз.
Начир дээрээ сонгууль угтсан эд материал тарааж явахаар түлштэй, бинзентэй байхад нь анхаармаар сан.
Нүүр нүдгүй цасан дунд лаа барьж, шүдэнз зурж гүйгээд ч нэмэргүй шүү дээ. Хөхөө өвлөөр хот, хөдөөгүй шатахуунд дугаарлаж, дарга нь шоколадаар тайтгаруулж явдаг улс өөр хаана байдаг бол доо?
М.Дэвээ
Сэтгэгдэл (4)