Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа “Шүд хоорондын зай баригчаар яагаад хэрэглэх ёстой вэ” сэдвийн хүрээнд Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа.
Тэрбээр “Таны хүүхэд эрт шүдээ авхуулсан болон дараагийн шүд нь ургах болоогүй байгаа үед зай баригчийг хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, сүүн араагаа авхуулчихлаа гэж үзэхэд хойд талийн байнгын араан дээр нь тулгуурлаад, дараагийн шүд ургаж гарч ирэх зайг хамгаалах үүрэгтэй. Тухайн шүд хоорондын зайг хамгаалаагүйгээс болоод хойд талын шүд тонгойж, урд талын шүд нь хойноо зай гаргаж эхэлнэ. Ингэснээр доороос гарч ирэх шүд зайгүй болно. Үүнээс шалтгаалаад хүүхдийн шүд наашаа, цаашаа ургадаг. Мөн арын араа хазайснаар зөв хоршилт алдагдаж, шүдний гажиг үүсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Зай баригч нь авагддаг, авагддаггүй гэсэн хоёр төрөл бий. Авагддаг зай баригч нь тухайн хүүхдэд саадгүй. Шүд ургасны дараа буцаагаад авчихдаг.
Мөн ямар нэг бэртэл гэмтлээс болоод үүдэн шүдийг эрт авхуулсан байж болно. Энэ тохиолдолд ч гэсэн зай баригчийг зүүх нь маш чухал. Шүдийг эрт авхуулсны дараа зай баригч хэрэглээгүйн улмаас эрүү хоншоорын яс тэлэгдэхгүй байх, доор байгаа байнгын шүд нь бүрэн гарч ирэхгүй байх, зажлах таслах үйл ажиллагаа алдагдах зэрэг олон сөрөг үр дагавруудтай юм. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд эмчийн зөвлөгөөний дагуу зай баригчийг хийлгээрэй гэж зөвлөмөөр байна” гэв.
Д.Батчулуун