Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа шүдний бүрээс болон паалангийн талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа.
Тэрбээр “Холлиуд смайл болон паалангийн талаар их асуудаг. Паалан гэдэг нь шүдийг өөлөхгүйгээр бүрж, өнгийг нь засаж сайжруулахыг хэлж буй. Таны шүд олон ломботой, нүүрэн талдаа их хэмжээний цооролтой, шүдний өнгөний өөрчлөлтэй бол паалан цирконыг хийх заалттай байдаг. Пааланг нэг удаагийн ирэлтээр хийлгэх боломжтой бөгөөд шүдний нүүрэн талыг өнгөлөөд сэргээдэг үйлчилгээ юм.
Харин нүүрэвч нь шүдний нүүрэн тал болон хазалтаас нь бага хэмжээгээр засаад, лабораторид хийгээд, дараа нь тухайн хүний шүдэнд тааруулж өгдөг. Харин бүрээс нь шүдийг бүрэн өөлөөд, шүдэнд углаж хийгддэг ажилбар юм. Эдгээр нь гоо сайхны бус шүдний бүтцийг сэргээх зориулалттай. Аппарат хийх заалтгүй, шүд нь эгнээний өөрчлөлттэй хүмүүс бүрээс болон нүүрэвчийг сонгон хэрэглэж болдог.
Иймд шүд нь эрүүл, том хэмжээний согоггүй бол гоо сайхны цайруулах эмчилгээ зэрэг өөр эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Шүдний паалангийн сул болон давуу тал
Паалан нь хатуулаг чанараараа циркон болон шаазан бүрээсийг гүйцэхгүй. Гэхдээ шүд хавиралтгүй, юм зулгаах зуршилгүй бол шүдийг өөлөхгүй, жижиглэхгүй гэдгээрээ давуу талтай. Мөн хэдэн жилийн дараа паалангаа солимоор байвал аваад, өөрчилж болдог.
Бүрээс, нүүрэвчний сул болон давуу тал
Бүрээс болон нүүрэвч нь шүдийг өөлж тааруулаад хийчихсэн учир өөр сонголт байхгүй. Бүрээсийг сэтгэл хөдлөлөөрөө хэт цагаан өнгөтэйг хийлгээд, дараа нь харамсах тохиолдол их байдаг. Хэрэв та бүрээс хийлгэх заалттай бол эмчтэйгээ сайн зөвлөлдөх хэрэгтэй. Бүрээс хийлгэсний дараа буйл шамрах, чулуужих өвчлөл өндөр байдаг. Цэвэрлэгээ хангалтгүй бол буйл шамарч, тулгуур эдийн асуудал үүсэх тохиолдол их гардаг.
Паалан, бүрээс хийлгэх заалттай бол амны хөндийн эрүүл ахуйг маш сайн сахих хэрэгтэй. Манай эмнэлгийн хувьд буйлны үрэвсэл, тулгуур эдийн үрэвслийн тухай зөвөлгөө өгөөд, зөв дадал үүсэж буй хүнд паалан, бүрээсийг хийнэ гэсэн зарчмыг баримталдаг. Их мөнгө төлөөд, бүрээсээ хийлгэснээс хоёр жил хүрэхгүй хугацаанд буйл үрэвсээд, дээшээ шамарчихсан тохиолдол гарах нь элбэг. Амны хөндий эрүүл байх бол эмчтэйгээ яриад маш сайн хийлгэх юм бол 10-20 жилийн насжилттай. Тиймээс бүрээс болон паалангийн насжилтыг удаан хадгалахын тулд амны хөндийн эрүүл ахуйг сайн сахих хэрэгтэй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)