Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа Хиймэл шүдний талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа.
Тэрбээр “Хиймэл шүд нь дотроо авагддаг, авагддаггүй гэж хоёр янз бий. Авагддаг шүд нь:
- шахмал,
- уян хуванцар,
- металь суурьтай гэсэн гурван төрөлтэй.
Уян шүдэлбэрийн тухайд бусад шүдэлбэрийг бодоход уян чанартай, хугардаггүй. Тулгуур эдийн ачаалал үүсгэдэг нь сул тал болдог. Харин шахмал шүд бол хатуу суурьтай учир хугарах магадлал өндөр байдаг. Металл суурьтай шүдэлбэр бол шүдэлбэр дундаас хамгийн хүндээ ээлтэй шүд байдаг. Тухайлбал, зүүхэд эвтэйхэн, талбай бага эзэлдэг. Мөн шүд бууль хоёртоо хоёуланд нь даралт үүсгэдэг буюу тулгуур эдийн ачаалал бага үүсгэдэг.
Тиймээс металь шүдэлбэр хамгийн сайн гэж үздэг.
Дээрх гурван шүдэлбэр өөр өөрийн гэсэн сул, давуу талтай. Эмчийн заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд дээрх сул талууд бий болно. Тиймээс үйлчлүүлэгчид маань эмчийн заасан хугацааны дагуу шүдэлбэрээ зүүх хэрэгтэй. Тухайлбал, хатуу шүдэлбэрийг 2,5 жил зүүх ёстой гэсэн стандарт манай улсад мөрдөгддөг. Уян хуванцар шүдэлбэрийг хоёр жилээс дээшгүй хугацаанд зүүх ёстой. Үүнээс дээш хугацаанд зүүвэл буулинд даралт өгөх, тулгуурын асуудал, нян бактерийн хуримтлал үүсэх гэх мэтчилэн сул талууд гарах болно. Монголчууд ихэнх нь таваас дээш жил зүүсэн байдаг. Өөрийн шүд болон хиймэл шүд нь чулуужсан тохиолдол их гардаг. Иймд та эмчийн заавар, зөвөлгөөний дагуу зүүх хэрэгтэй” гэв.
Үргэлжүүлэн “хиймэл шүдний арчилгаа”-ны талаар зөвлөгөө өглөө.
Хиймэл шүдийг арчлахдаа сойзоороо угаагаад орхичихдог. Энэ нь хиймэл шүдний өнгөлгөөний чанарт өөрчлөлт оруулдаг. Ингэснээр илүү их өнгөр бий болох асуудал үүсгэдэг. Мөн шөнө аваад унтахдаа хуурай хонуулдаг. Энэ нь буруу бөгөөд шүд цэвэрлэх таблетууд байдаг. Үүнийг усанд уусгаад, шүдэлбэрээ хийхэд л болох юм. Уг уусмал нь нян бактерийг устгадаг. Зүүхийн өмнө хүйтэн усанд зайлаад шууд зүүх боломжтой. Аль ч авагддаг шүдэлбэрийг зориулалтын дагуу цэвэрлэх нь чухал.
Шүдээ байнга зүүж унтдаг, авдаггүй гэдэг хүмүүс байдаг.
Японы судалгаанаас үзэхэд авагддаг шүдэлбэрийг шөнө зүүж унтах нь амны хөндийн нян бактери ихээр үржих таатай орчныг бүрдүүлдэг байна.
Үүгээр амьсгалах нь дотоод эрхтэнд нөлөөдөг. Тиймээс манай эмнэлгийн зүгээс хиймэл шүдтэй үйлчлүүлэгч нартаа шүдээ авч унтахыг зөвлөдөг.
Авагддаггүй шүдэлбэр: Авагддаггүй шүдэлбэр буюу имплантын тухай мэдээлэл өгье. Буйланд металь суулгаад, дээр нь таны шүдтэй зохицсон бүрээс хийдэг. Дараагийн нэг авагддаггүй шүд бол гүүрэлсэн шүдэлбэр юм. Нэг шүд байхгүй тохиолдолд хоёр талын шүдийг өөлөөд бүрээс хийдэг.
Та дээрх хиймэл шүдэлбэрүүдээс алийг нь зүүдэг байсан арчилгаагаа сайн хийж, эмчийн заавар зөвлөгөөг дагаж буй тохиолдолд хиймэл шүд үүргээ гүйцэтгэдэг. Заавал хөгшин хүн хиймэл шүд зүүх ёстой гэх хандлага бий. Гэвч таны нэг шүд унасан, шүдээ авхуулсан бол оронд нь заавал хиймэл шүд хийлгэх хэрэгтэй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (11)