Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа 4-12 насны хүүхдийн шүд арчилгаа, оо сойзны сонголтын талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч У.Баяржаргалаас тодрууллаа.
Тэрбээр “4-12 насанд сүүн шүд байнгын шүдээр солигдох чухал үе байдаг учраас эцэг эхчүүдийн анхаарал, оролцоо чухал байдаг. 6 насанд байнгын зургаадугаар шүд ургадаг бөгөөд үүнийг эцэг эхчүүд сүүн шүднээс ялгаж мэддэггүй. Үүнээс болоод, мөн арчилгаа муугаас болоод шүд цоорох, үрэвсэл үүсэх, бусад байнгын шүдэнд нөлөөлөх зэрэг хүндрэлүүд үүсдэг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ оо, сойзны сонголтод анхаарал хандуулах хэрэгтэй.
Хүүхдээр өөрөөр нь оо, сойзыг сонгуулах нь чухал
3-6 насны хүүхдийн анхаарал төвлөрөлтийн хугацаа богино байдаг учир аливаа зүйлээс амархан уйддаг. Ийм онцлогтой үе байдаг учраас оо, сойзыг хүүхдээр өөрөөр нь сонгуулах нь чухал юм. Шүдний оо сонгохдоо гашуун амтгүй, зөөлөн, өөрийнх нь дуртай амттай бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. Мөн 500-1000 фоторын агууламжтай оог хэрэглэх нь тохиромжтой. Энэ насанд шүдний арчилгаа буруу, эсвэл муугаас болоод шаантаг хэлбэрийн согог үүсэх тохиолдол их байдаг. Мөн хүүхэд өөрийн шүдээ сайн угааж чадахгүй учраас эцэг эхчүүд өвөр дээрээ толгойг нь өөр рүүгээ харуулж хэвтүүлээд дээрээс нь угааж өгвөл зүгээр байдаг. Дээрээс нь угаахад хүүхдийн амны хөндий бүрэн харагддаг.
Мөн таны хүүхэд бусад хүмүүст амны хөндийгөө харуулж чаддаг болсноор шүдний эмнэлэгт очих айдас нь багасаж байна гэж үздэг.
Бага насны хүүхдүүд өдрийн цагаар шүдээ угаахаа мартах, дургүй байх зэрэг тохиолдол үүсдэг учраас ам зайлах арга техникийг хэвшүүлэх хэрэгтэй
6-12 настай хүүхдүүдийн хувьд байнгын шүд ургаад эхэлчихсэн байгаа учир хүүхдэд шүд угаах арга техникийг зураг, видео үзүүлж, өөрсдөө хамт угаах зэргээр хэвшүүлэх нь зүйтэй. Бага насны хүүхдүүд өдрийн цагаар шүдээ угаахаа мартах, дургүй байх зэрэг тохиолдол үүсдэг. Иймд ам зайлах арга техникийг хэвшүүлэх хэрэгтэй. Ингэхдээ заавал зориулалтын ам зайлах шингэн байх шаардлагагүй. Харин ус байхад л болох юм.
Мөн сүүн шүд эрүүл байх нь хүүхэд хоол сайн идэх, хоолны дуршил нэмэгдэх, зажилалтын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Энэ нь цаашлаад шүдний гажиг үүсэх эрсдэлээс сэргийлдэг" гэлээ.
Д.Батчулуун