Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа ломбо, түүний тогтоцод нөлөөлөх хүчин зүйлийн талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч У.Баяржаргалаас тодрууллаа.
Тэрбээр, "-Шүдний анатомийн хэлбэр хэмжээ, зажлах үйл ажиллагааг сэргээх зорилгоор ашиглаж буй зориулалтын материалыг ломбоны материал гэж нэрлэдэг. Ломбо нь цемент, хуванцар, металь гэх зэрэг олон төрөл бий.
Сүүлийн үед эмчилгээнд хуванцар буюу гэрлээр хатууруулагч ломбыг түгээмэл ашиглаж байна.
Ломбоны тогтоцод нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл бий. Үүнд, тухайн ажилбар явуулж буй талбайд шүлс орсноос болох эсвэл хэт хатуу, наалдамхай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Мөн ямар ломбоны материалыг, ямар байрлалын цооролд ашиглаж байгаагаас шууд хамааралтай. Үүнээс гадна эмчийн чадвар нөлөөлнө.
Тухайн цоорлын хөндийг дутуу цэвэрлэх, зөөлөрсөн эдийг бүрэн гүйцэд аваагүйн улмаас, нэмэлт талбай гаргаагүйгээс үүдэн ломбо унах шалтгаан болдог.
Таныг шүдний эмнэлэгт очиход "хоолоо идчихээд ирсэн үү" гэж асуудаг шүү дээ. Учир нь хоол идээгүй ирсэн тохиолдолд шүлс ихээр ялгардаг. Ингэснээр тухайн эмчийн ажилбар хийж буй шүдний талбай үзэгдэхгүй хязгаарлагдах хүндрэл үүсдэг. Тиймээс эмчилгээнд орохоосоо урьтаж хоол идэх хэрэгтэй. Түүнчлэн үйлчлүүлэгчийн хазалт, зуулт, хэрэглээ, эмчийн зааврыг дагаагүй нь ломбо унах эрсдэлийг бий болгодог" гэлээ.
М.Дэвээжаргал