Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа шүдийг ломбодоход ямар багж ашигладаг, яагаад шүдний ломбо үнэтэй байдаг талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ дугаарт уншигчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Энэ удаагийн дугаарт шүдний эмчилгээ яагаад үнэтэй байдаг, үүнд юу юуны үнэ шингэсэн байдаг талаар уншигчдадаа ойлголт өгөхийг хүсэж байна.
-Шүдийг ломбодоход хугацаа бага шаарддаг. Жижиг нүхийг бөглөхийн тулд үнэ өртөг өндөр гэх ойлголт байдаг шүү дээ. Энэ талаар яриагаа эхэлье.
-Тийм ээ. Цаг авалгүй шүдний эмнэлэгт орж ирээд л энэ жижигхэн нүхийг бөглүүлье гэдэг хүмүүс их байдаг. Ийм хандлага ч их ажиглагддаг. Зөвхөн паалангийн түвшинд байгаа жижиг хар цоорлыг ломбодохын тулд нэг удаагийн олон хэрэгслийг ашигладаг. Тухайлбал, салпитак, шүлс сорогч, хөвөн, бээлий, агаар хийн хошуу зэрэг хэрэгслүүд ордог. Мөн байр талбайн түрээс гээд бүх зүйл таны ломбонд шингэдэг.
Үйлчлүүлэгчид маань эмчилгээгээ хийлгэхдээ эрүүл мэнддээ хор хөнөөлгүй байдал буюу аюулгүй байдлыг худалдан авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Шүд ломбодоход ашигладаг хэрэгслүүдээс гадна ямар багаж, хэрэгслүүд хэрэглэдэг вэ?
–Зөвхөн тэр ломбыг наахын тулд шүдний ломбо, хүчил, бонд, гэрэл зэргийг хэрэглэдэг. Орчин үед ихэнх эмнэлгүүдийн хэрэглэдэг болсон шүдийг өрөмдөж буй өрмийн хошууг ариутган хэрэглэдэг болсон. Энэ нь шүдний эмнэлгүүдэд ирж буй хамгийн том аюулгүй байдал юм. Таны шүдийг өрөмдөөд, хөндий үүсгээд түүнийгээ ариутгаж, цэвэрлэж буй арчитас уусмал болгон нь нэг удаагийн хэрэглүүр байдаг.
-Иймд жижиг хар нүхийг бөглүүлье гэж ярьж болохгүй байх нь?
-Тийм шүү. Та шүдээ үзүүлээд босохдоо таны шүдийг ломбодоход ямар ямар бүтээгдэхүүн, хэрэгслүүдийг хэрэглэснийг эмчийн тавиураас харах боломжтой.
Тиймээс нэг нүх бөглөөд өгөөч гэхгүйгээр эмчийн цагийг хүндлээд, өөрийн цаг хугацаагаа зарцуулаарай гэж хэлмээр байна.
-Шүдний ломбо маш хурдан уначихлаа гэх хүмүүс олон байдаг. Энэ нь ломбоны материалаас болдог уу? Ер нь ломбоны материалаа аль улсаас авдаг вэ?
-Ломбоны материал маш олон янз байдаг. Манай улсын эмнэлгүүд ихэвчлэн АНУ, Япон, Герман, БНСУ-ын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Энэ улсуудад маань ч гэсэн ломбоны сайн, муу материал гэж бий. Эсвэл тухайн эмчийн арга барилд тохирсон бүтээгдэхүүн гэж байдаг. Ийм учраас тухайн ломбонд хэрэглэж буй материалуудын дунд ч гэсэн чанарын ялгаа их байдаг.
-Шүдээ ломбодуулсан ч эмнэлэгээс гараад шууд юм идэх нь хэр зохистой вэ?
-Шүдний эмнэлгээс гараад шууд юм идэж, ууж болдог технологи хүртлээ эрдэмтдийн ур чадвар, мэдлэг таныг өвдөлтгүй шүдээ эмчлүүлэх боломжийг олгож буй. Энэ дэвшил хүртэл маш олон үе шатыг дамжсан байдаг. Иймд та өөрийн дуртай шүдний эмнэлэгтээ очоод аюулгүй орчинд чанартай үйлчилгээг сонгон үйлчлүүлэх боломжтой.
-Зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Д.Батчулуун