Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ удаагийн дугаартаа "Сойз сонголт"-ын талаар "Ашид дент" шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа.
-Бүх зүйл технологийн дэвшилтэй нүүр тулж байна. Сойз ч хоцорсонгүй. Тэгвэл автомат сойз ямар давуу болон сул талтай вэ?
-Сүүлийн үед автомат сойз хэрэглэх үү, энгийн сойз хэрэглэх үү гэж хүмүүс их асуудаг болсон. Автомат сойз нь стандарт хүчдэлтэй соник, электрик, ультрасоник гэсэн гурван янзын үйлчлэлтэй байдаг. Буйлны чулуу болон үрэвсэлгүй тохиолдолд соник гэсэн автомат сойзыг хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь ультрасоник нь хүч ихтэй учраас хэт их даралт өгөх, элэгдэл үүсгэх эрсдэлтэй. Харин “соник” бол шүд болон буйланд өгөх ачааллаараа хамгийн тохиромжтой сойз.
Автомат сойз нь гарын деталь хөдөлгөөн алдагдсан, үений асуудалтай хүмүүст илүү тохиромжтой. Мөн хэрэглэж болохгүй заалт гэж бий. Амны хөндийн мэс засалд орсон, салстын өвчлөлийн үед, буйлны хүнд хэлбэрийн үрэвсэл, цус алдалттай хүмүүст хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
Түүнчлэн зарим хэт мэдрэг хүмүүс сойзоо салгасныхаа дараа ч гэсэн чичигнэсэн мэдрэмжийг авдаг. Энэ бол долоо хоногтоо арилдаг мэдрэмж. Хэрэв буйлнаас үргэлжилсэн их цус гарахгүй байвал та санаа зовох хэрэггүй. Долоо хоногоос дээш угаагаад байхад буйлнаас цус гарсаар байвал автомат сойз хэрэглэхээ зогсоох, эсвэл өөр төрлийг сонгох, эсвэл энгийн сойзыг хэрэглэх хэрэгтэй.
-Энгийн сойзны тухайд юу хэлэх вэ?
-Энгийн сойз бол авч явахад хялбар, олдоц хамгийн сайн нь. Ямар ч хэлбэрээр нь олж авахыг хүссэн танай үүдний дэлгүүрт байх боломжтой. Цэнэглэгч, зай хэрэглэхгүй учраас байгальд ээлтэй. Гэх мэт сойзны төрлүүдэд давуу болон сул тал байгаа учраас таны сонголтоос л шалтгаална гэсэн үг.
Технологийн хөгжлийн нөлөөгөөр бүх зүйл хүмүүст хялбар байх шийдэлд хүрээд байна. Шүд угаах таны арга техникийг ямар ч багаж хэрэгсэл 100 хувь орлон гүйцэтгэж чадахгүй. Тиймээс аль ч сойзыг хэрэглэсэн болно. Өөрийн амны хөндийн онцлог, амьдралын хэв маягтаа тохируулаад, сойз сонгохдоо эмчээсээ зөвлөгөө аваарай.
-Зөөлөн үстэй, жижиг сойз нь илүү сайн гэх ойлголт байдаг шүү дээ?
-Сойз сонгохдоо анхаарах нэг чухал зүйл бол бариул. Хоёр минутын турш шүдээ угаахад гарт эвтэйхэн байх хэрэгтэй. Бариулаас яаж барих нь ч чухал. Их хүч үйлчлэх эсэх нь сойзыг хэрхэн барьж байгаагаас шалтгаална. Аль болох хурууны өндгөөр барьж угааснаар шүдэнд очих даралтыг бууруулдаг.
Атгаж угаах нь сойзны толгой руу хүч өгч, шүдийг хэт мэдрэгшилд хүргэх, буйлыг шамруулах эрсдэлтэй.
Хүмүүс сойз худалдан авахдаа толгой нь хэтэрхий том байна гээд хүүхдийн сойз сонгодог. Хүүхдийн сойзны бариул жижиг байдаг учраас хоёр минут хөдөлгөөн хийхэд гар чилдэг, хүчийг буруу хуваарилдаг учраас насанд хүрсэн хүнд төдийлөн тохиромжтой бус.
Шүд угаахад зажилдаг оо, сойз гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн гарч байна. Гэхдээ миний хувьд хэзээ ч эдгээрийг хэрэглэхийг хүмүүст зөвлөдөггүй. Үүнийг сонирхлын дагуу хүүхдээ шүд угаахад идэвхжүүлэх зорилгоор хэрэглэж болно гэсэн үг.
М.Дэвээжаргал