Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 717 цахилгаан автомашин байна. Түүнчлэн нийслэлд 28 цахилгаан автомашин цэнэглэх цэг байдаг бол орон нутгийн хэмжээнд арав байна.
Ерөнхий Сайдын захирамжийн дагуу ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх төвүүдийг байгуулах асуудлыг нарийвчлан судлахаар ажлын хэсэг байгуулан холбогдох тооцоо судалгаа хийж байна. Төлөвлөгөө ёсоор 2026 он гэхэд манай улс 20000 цахилгаан автомашиныг хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьсан.
Энэ зорилтыг хангахын тулд эхний ээлжид цахилгаан автомашин цэнэглэх 1000 станц байгуулах шаардлагатайг Бүгд Найрамдах Турк улсын Хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулах санал тавьж, холбогдох тооцоо судалгааг өчигдөр танилцуулжээ. Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах, дасан зохицох тухай Парисын хэлэлцээрээр 2050 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг тэг болгох, дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү хэлэлцээрт манай улс нэгдэж, жил бүр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх тайлангаа НҮБ-д хүргүүллээ.