“Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцохоор ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчдийн хамт БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод хүрэлцэн иржээ.
Хөх хотод хүрэлцэн ирсэн зочдыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд Тэргүүлэгч Яан Жинь, Гадаад харилцааны орлогч дарга Лю Юйбин, Худалдааны танхимийн орлогч дарга Ху Инфөн болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консул Ш.Оргил нарын албаныхан угтан авсан юм.
Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспод 35 улс, БНХАУ-ын орон нутгийн 27 төлөөлөл, нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бий болсон ОУ-ын худалдаа, эдийн засгийн тус томоохон арга хэмжээний албан уулзалтууд өнөөдөр эхэллээ.