Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сар бүр цаг үеийн болон онцлох асуудлаар олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэл өглөө. Уг хурлын мэдээллээс онцлох таван ажлыг танилцуулж байна.
1. “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ЖУУЛЧДЫН УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ
Энэ оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байна.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны 2, 4, 6 дугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний 3 улиралд болох арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдаж дуусаж байна. Энэ зун зохион байгуулагдсан ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон арга хэмжээнүүд бол Монголын Эдийн засгийн форум, Nas Summit арга хэмжээнүүдийг онцоллоо.
2. ХОГ ХАЯГДАЛ, НИЙТИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ
Нийтийн ариун цэврийн байгууламж
Тус албан даалгаврын хүрээнд 21 аймгийн аялал жуулчлалын бүсэд стандартын шаардлага хангахгүй 2523 нүхэн жорлон байгаагаас 2022-2023 онд 1613 жорлонг буулгаж, “Нүхэн жорлон, угаадасны нүх” MNS5924:2015 стандартын дагуу нийт 520 эко жорлон болон хуурай технологийн ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарч байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд “CU” сүлжээ дэлгүүрийн 300 салбар дэлгүүр, “GS-25” сүлжээ дэлгүүрийн 157 салбар дэлгүүр нийтэд бие засах газраар үнэгүй үйлчилжбайгаа. Нийслэл хотын хэмжээнд одоогоор бүртгэлтэй нийт 24 нийтийн ариун цэврийн байгууламж байгаагаас тогтмол ажиллагаатай 19 нийтийн ариун цэврийн байгууламж байна.
Хог хаягдлыг бууруулах хүрээнд
Албан даалгаврын хүрээнд улсын хэмжээнд өссөн дүнгээр 46.504 га талбайд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 67930 хүн, 157397 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлсэн байна. Мөн улсын хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны 225.000 сэг зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналтын доор халдваргүйжүүлэлтийг хийж, булшлах арга хэмжээг авсан.
3. ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг үндэслэн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн иргэн, хуулийн этгээдийн өөрийн хүсэлтээр тус тус газар ашиглах эрхийг цуцалсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022.01.02-2023.08.01-ний өдрийн хооронд 164 удаагийн тушаалаар, 373 иргэн, хуулийн этгээдийн 860.62 га газрын ашиглах эрхийг цуцалсан. Үүнээс Б.Бат-Эрдэнэ сайдын 162 тушаалаар 859.5 га газрыг цуцалсан.
Газар ашиглах эрх шинээр олгохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 2023 онд шинээр газар олголт хийгдээгүй.
4. АН АМЬТНЫ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
2023 онд Архангай аймагт 10 толгой янгир, Орхон, Төв, Хэнтий, Архангай аймгуудад 40 толгой халиун буга, Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудад 930 толгой монгол тарвагыг сэргээн нутагшуулаад байна. Мөн шивэр хадран, шөвгөр хоншоорт зэвэг загасны үржүүлгийн ажлуудыг судалгааны хүрээлэн, ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх бүхий 8 төрийн бус байгууллага аймаг, орон нутагтайгаа хамтран гүйцэтгэжээ.
“Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” ЗГ-ын 260 дугаар тогтоолыг батлуулав.
Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барихдаа дуудлага худалдаанд оролцож холбогдох зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор тусгасан. “Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын амьтны тоо толгойг тогтоох тухай” ЗГ-ын 444 дүгээр тогтоолоор тогтоосон. Тусгай зориулалтаар агнах, барих зөвшөөрлийн дуудлага худалдаанаас орон нутгийн төсөвт 3.1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлээд байна.
5. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД
Наймдугаар сард 160 өргөдөл, гомдол, хүлээн авч 126 буюу (78.8%) өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд хугацаанд нь шийдвэрлэж, 9 (5.63%) өргөдөл, гомдлыг холбогдох журмын дагуу харьяалах захиргааны байгууллагад шилжүүлж, 23 буюу (14.0%) өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн шатандаа хяналтад байна. Үүнээс 80 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 23 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 89 иргэн, аж ахуйн нэгжид 118.450.00 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.