Намрын бүгчим өдөр. Атал түүнээс ч бүгчим их хотын унаагаар салхи татуулан давхиж байна. Үнэн хэрэгтээ хав халуун салхи юм гээч. Жил бүр ийм тэргээр бид хөлстэй, давчуу, бухимдам, хүйтэн өдрүүдийг туулдаг гээд бод доо. Офицерүүдийн ордон-Таван шар чиглэл. Гэхдээ тэнд хүрэхээс өмнө унаагаа солих боломж надад бас танд ч бий.
Хар утаа, үнэр танар хаялсаар нэг зогсоолоос нөгөө зогсоол руу “тар нирхийн” хөдлөх эл автобуснаас бууж, “Цахилгаан” гэх тодотголтой нийтийн тээвэрт суулаа. Үүнийг яг л “Салхитай автобус” гээд нэрлэчихмээр.
Харанхуйд сууж байгаад гарч ирсэн мэт энд саруулхан санагдана. Цэлгэр том цонхоор их хотоо тольдож, хүсвэл хөшгөө хаасан ч болох юм. Гэхдээ “Ийм том цонх цантвал яах бол” гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Учир нь манай хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл шүү дээ.
Цантсан цонх дэрлэж, цонхны цанг ханцуйгаараа арчиж, маажиж, бүр зураг зурж, ороолтдоо нугдайн шигдэж явсан хүмүүс “Цан хүүрэг савсуулсан нийтийн тээвэр”-ээ мартана гэж үү.
Ер нь “Даарч бээрч, чихэлдэж явснаас ямар нэгэн машин аваад дулаахан түгжирч суусан нь дээр” гэсэн яриа ч олны дунд бий. Дэгсдүүлсэн ч зүйл бус аа. Харин эл автобус давхар цонхтой учир жавартай өвлийн үдшүүдэд ч цантахгүй юм байх. Хана, тааз, шалны хэсгүүдэд агааржуулалтын систем бас дулаан баригч суурилуулсан байдаг болохоор тэр юм билээ. Мөн сайжруулсан арьсаар доторлогоог нь хийсэн “лут эд”.
Саппоро. Эндээс суусан зорчигчдын ихэнх нь настай хүмүүс байлаа. Тэд “Өө, яасан сайхан сэрүүхэн юм бэ” гэлцэнэ. Эхний өдрөө үйлчилгээнд гарч, иргэдийг гэрийнх нь зүг дөтлүүлж буй “Цахилгаан ногоон”-ы анхны үйлчлүүлэгчдийн сэтгэл тэнэгэр байгааг сууж байгаа байр байдал, эргэн тойрноо ажиж буй үйл хөдлөлөөс нь мэдэрч болохоор байлаа.
Цаашид нийтийн тээврийг 160 тооны “Скайвел” брэндийн цахилгаан тэргээр шинэчлэх юм. Энэ бол их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй “Дэү” брэндийн 600, дунд оврын “Хьюндай” брэндийн 50 автобусаар баазууддаа салхи оруулах төлөвлөгөөний эхлэл аж.
Б.Давааням: Нийтийн тээврийн жолоочоор 8 жил ажиллахдаа
цахилгаан автобусаар өнөөдөр л би довтолгож явна
Үд дунд хэдийн өнгөрчээ. Гэсэн ч нар хэвийх болоогүй л. Бид нийтийн тээврийн хүрэлцээ, түүний муухайг гайхаж ярих нь их. Харин түүнийг жолоодож яваа хүмүүсийн тухай төдий л дурдаггүй билээ. Тэд ээлжээ солигдтол хотын түгжрэлийг нэг үзүүрээс нь нөгөө үзүүр хүртэл хэдэнтээ эргэн туулна. Ажлын байрандаа хүн хүний үнэр басхүү элэгдэж, эдэлгээ даахааргүй болсон автобусныхаа утаа угаар дунд уусаж суух мэт.
Ийм бодлын дундуур “Цахилгаан автобус”-ны жолоочоос ажлын нөхцөл, шинэ тээврийн хэрэгслийн тухай асууж тодруулахаар ухасхийлээ. Түүнийг Батмөнхийн Давааням гэдэг. Автобусны жолоочоор ажиллаад 8 жил болж буй. Түгжрээд байх нь хэцүү ч, шийдэх арга замыг хайж, ялангуяа автобус баазаа шинэчилж байгаад баяртай байгаа тухайгаа инээмсэглэн өгүүлж байв.
Тэрбээр, “Өнөөдрөөс үйлчилгээнд гарч эхэлж байгаа юм. Би найман жил автобусны жолооч хийж байна. Энэ бол амар ажил биш, түгжрэлтэй үед их хэцүү шүү. Одоохондоо тэгш, сондгойгоор явж байгаа болохоор замын ачаалал гайгүй байна шүү. Хуучин автобусны хувьд хугацаа нь нэгэнт дуусах талдаа орчихсон эд. Энэ автобус бол парк шинэчлэлээр орж ирсэн. Барьж явахад хөнгөхөн, явдал нь хүртэл зөөлөн, тухтай сайхан санагдаж байна. Багтаамжийн хувьд ч боломжийн.
Цахилгаан, эко, хяналтын камертай гэдгээрээ хуучинтай харьцуулах юм биш. Энэ байдлаараа бол цэнэгээ өдөртөө барьчих юм шиг байна. Бааз руугаа орж цэнэглээд маргаашийн ажилдаа бэлэн болгоод л гарна даа.
Би Солонгос, Хятад, мөн Беларусийн угсраа автобусыг хүртэл жолоодож байсан. Өнөөдрийн барьж яваа тээврийн хувьд агааржуулагчтай болохоор халууны улиралд ард иргэд ч сэтгэл ханамжтай байна шүү дээ. Ийм тэргэнд анх сууж үзэж байна гэсэн хүмүүс ч байна. Өвөлдөө бол дулаахан гэж бодож байна” хэмээсэн юм.
Жолоочийн урдаас автобусны жижигхэн хар сэнс сэрүүхнээр үлээн эргэнэ. Нар халхалсан саарал хөшгөө дээш нь нээгээд бахархалтайгаар над руу харан инээмсэглэх энэ хүнээс “тав тух”-ыг мэдэрсэн билээ. Түүнд өгөгдсөн орон зай ч чөлөөтэй юм.
Дараагийн зогсоолд ирлээ.
Зорчигч- Шинэ автобус уу?
Жолооч- Өнөөдрөөс ажилд явж байна аа, хө
Зорчигч- Гоё юм байна шүү. Эл яриа цөөн хором үргэжилсэн боловч тэд хэн хэнийгээ сайн таньдаг хүмүүс шиг дотночлон хариулж байлаа.
Хүмүүс цөөрсөөр. Эцсийн зогсоол дөхөж буйн дохио энэ билээ. Амжиж иргэдийн сэтгэгдлийг сонсохоор саравчтай малгайг дарж өмссөн бүсгүй дээр очлоо. Түүнийг Б.Болормаа гэдэг.
Тэрбээр, “Хуучин автобустай харьцуулах арга алга (Инээв). Сэтгэл санаа хүртэл дүүрээд байна шүү дээ, баярламаар юм. Ер нь аливаа зүйлээс гоё сайхныг нь олж харж байх хэрэгтэй. Бид эерэг байж, зөв сэтгэлтэй байх тусам л амар тайван амьдарна. Талархаж байх ёстой юм уу л гэж бодож байна.
Эгч нь өглөө гэрээсээ гараад автобусанд сууна. Орой автобусаараа л харьдаг хүн.
Сүүлийн үед түгжрэл багасаад, гэртээ эрт харьж байгаа болохоор баяртай байгаа. Утаа нь үнэртээд, өвөлдөө хүйтэн, зундаа бүгчим байдаг байлаа. Цаг хугацаандаа л өөрчлөгдөж байгаа болов уу гэж бодож байна. Маш их баяртай байна” гэв.
Биднийг ийн ярилцаж байх зуур арын суудлаас бас нэгэн иргэн, “Хийж байгаа нь мэдэгдээд байвал ард түмэнд хүртэл сайхан байлгүй яах вэ. Гоё байна, ингэж үйлчилж байвал. Ийм байгаасай л гэж хүсмээр байна” хэмээн үг дайсан билээ.
Таван шар. Энд бид бууж, автобус сүнгэнэн давхиж одлоо. Тусгай хэрэгцээт иргэн зорчиход зориулсан бүхий л зүйлээр хангагдсан, тохь тухтай, аюулгүй, цэвэрхэн нийтийн тээвэртэй байх нь хэний ч хүсдэггүй зүйл биш. Ийнхүү утаа униарт хүртэл хувь нэмрээ оруулдаг “хууччуул” халаагаа өгөх цаг иржээ.
Аль ч цаг үед нийслэл хотынхоо захын дүүргээс хүний нэгэн үр мөрөөдлөө үүрээд нийтийн тээвэртээ суух нь гарцаагүй л билээ.
М.ДЭВЭЭЖАРГАЛ