Пап Францисын айлчлал гурав дахь өдрөө үргэжилж байна. Өнөөдөр шашин хоорондын уулзалтын үеэр Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц үг хэллээ.
Тэрбээр хэлэхдээ,
"Монголын бурхан шашны тэргүүн 10 дугаар Богд гэгээн Жавзандамбахутагт тодорч, эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй нь гайхамшигтай үйл явдал болж байна.
Монголын бурхан шашинтнууд бид өнгөрсөн хугацаанд эх болсон зургаан зүйлийн амьтан, хамаг амьтан ялангуяа бүс нутаг болон даян дэлхийн энх тайвны төлөөх нэгэн үзүүрт сэтгэлээр мөргөл залбирлаа зориулж ирсэн. Мөн олон улсын уламжлалт шашин хоорондын уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, орон нутаг бүс нутаг болон олон улсын түвшинд нэг нэгнээ харилцан хүндэтгэх найрсгаар хамтран орших байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хамтын ажиллагааг чухалчлан дэмжиж, өөрсдийн энхтайванч дуу хоолойгоо илэрхийлэн түүнийгээ үйл ажиллагаандаа тусгасаар ирсэн билээ.
Эс шүтэгчид бүгдээр бидний мөргөл, залбирлын голтод байдаг нь эргэлзээгүй болой..." хэмээн дурдлаа