Монгол Улсад сүүлийн үед шашин соёлын чухал үйл явдлууд өрнөж байна. Үүний нэг жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийж буй айлчлал юм. Үүнийг монголчууд төдийгүй дэлхий нийтээр анхааралдаа авч, зорилго юуг нь тодорхойлохыг эрмэлзэж байгаа нь энэхүү айлчлалын ач холбогдол, цар хүрээ хэрхэн түгсэнийг харуулна. Тэгвэл Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очирын ярьсан ярилцлагаас түүний байр суурийг хүргэж байна.
Тэрбээр, "Бидний үнэт зүйлийг аль болох олон ард түмэн мэдэж авах нь бидэнд хэрэгтэй. Монгол гэдгийг зөвхөн Чингисийн Монгол гээд түүхээр нь мэдэж байгаа олон хүн байгаа байх. Одоо харин нэг зүйлээр нь мэдэж авах гэж байна.
Тэр нь юу гэвэл энэ Чингисийн Монгол бол оюун санааны эрх чөлөөний эзэд нь юм байна. Оюун санааны эрх чөлөөг дэлхий нийтэд анх тунхагласан үнэт зүйлтэй ард түмэн юм байна гэж бидний үнэт зүйлийг мэдэж авах гэж буй хэрэг.
Энэ бол маш чухал. Бид аль хэр өөрсдийгөө дэлхий дахинд зөвөөр, эерэгээр таниулна тэр хэмжээгээр Монголын түүх, соёл, ард түмэн, үндэсний бүхий л зүйл илүү бат орших нөхцөл бололцоо нэмэгдэх, улам бүр өргөжин батжих учиртай юм" гээд "Пап Францис монголчуудын оюун санааны эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлийг дэлхий дахинд таниулж өглөө" хэмээн баталсан юм.