Намрын сар ирж, хүмүүсийн амьдралын хэмнэл ч зав чөлөөгүй нэгэн тойрогтоо эргэлээ. Учир нь намрын улирлын эхэн өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр манай улсад сургууль цэцэрлэгүүд үүдээ нээж, хичээлийн шинэ жил эхэлдэг. Энэ жилийн тухайд боловсролын салбарт төдийгүй Монголын цахим хөгжил, мэдээлэл технологийн салбарт нэгэн тэмдэглэлт үйл явдал болсон нь Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яамны санаачилгаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк/МТҮП/-д ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги шинээр нээгдлээ. Энэхүү ангийн нээлтэд оролцож, анги танхимтай нь танилцсанаа сонирхуулъя.
Монгол Улсад 39 мянган инженер шаардлагатай гэсэн тооцоо гараад буй. Улс орны хөгжил дэвшлийг техник технологи, цахим дэвшил, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дүгнэдэг болсон өнөө цаг үед энэ нь нэн шаардлагатай мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилгоо гүйцэлдүүлэх нэгэн алхам юм.
Тус чиглэлээр хоёр гүнзгий анги гаргаж, нийт 50 сурагч суралцуулж байна. Ингэхдээ есдүгээр ангиа төгссөн сурагчдаас элсэлтийн шалгалт авч өндөр оноо авсан эхний 50 хүүхдийг мэдээллийн технологийн гүнзгий ангид элсүүлжээ. Монголын шинжлэх ухаан, технологийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гол суурь болох ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн нэг хэсэг болгож, судлаач багш нараар хичээл заалгах бөгөөд Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркад хичээлийн хоёр танхим гаргаж тохижуулсан нь хүүхдүүдийг тухайн салбар орчинд нь сурч хөгжих, практик талаасаа илүү суралцахад анхаарчээ.
МТҮП-ын 301, 303 тоотыг анги танхим болгож, ухаалаг самбар байршуулж, нэг ангид нь компьютертой сургалтын кабинет нээж, нөгөөг нь энгийн танхим хэлбэрээр тохижуулжээ. Шинэ ангид шинэ найзуудтайгаа хамт дуртай чиглэлээрээ гүнзгийрэн сурах болсондоо сурагчид баяртай байлаа.
Тэд “ЕБС-иуд бидний хүссэн мэргэжлийн чиглэлээр гүнзгийрч ордоггүй. Математик, физик, хими гээд хичээлүүдээ ер нь илүү цагаар, жаахан гүнзгийрүүлж л заадаг. Харин одоо дуртай салбарынхаа мэргэжлийн суурийг эрт үзэж, цаашид энэ чиглэлээр мэргэших эсэхээ шийдэхэд маш том түлхэц боллоо” хэмээн онцолсон юм. Харин зарим хүүхэд ахлах сургуулиа төгсөөд шууд л кредит цагаа тооцуулж, их сургуульдаа үргэлжлүүлж суралцана. Ингэснээр бага өртгөөр, түргэн хугацаанд бакалаврын зэргээ эзэмших боломжтой гэж хэдийн тооцоолжээ.
Энэхүү гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцсанаар:
- Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой.
- Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой.
- Мэргэжлийн сертификат олгоно.
- Дадлага хийх орчин, ажлын байраар хангах аж.
Ийнхүү мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги нээснээр хүүхдүүд хэр сайн суралцаж, багш нар хэрхэн зааж, санаачлагч байгууллагуудаас цаашид яаж дэмжих зэргээс шалтгаалж гарах үр дүн дараа дараагийн салбар чиглэлд нөлөөлөх эсэх нь харагдах юм.
Б.Хишиг