Есдүгээр сарын 1-ний энэ өдөр манай улсад Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яамны санаачилгаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркад ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги шинээр нээгдэж, өнөөдрөөс эхлэн хичээллэж байна. Тус чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай хоёр анги гаргаж, сурах суралцагчдын хувьд есдүгээр ангиа төгссөн сурагчдаас шалгалт авч эхний 50 хүүхдийг элсүүлжээ. Өнөөдөрөөс ахлах ангийн сурагч болж, хүссэн ангидаа нэгдүгээр байрт тэнцэж орсон сурагч Батжаргалын Хүслэнтэй цөөн хором ярилцлаа.
-Энэ ангид элсэхээс өмнө хаана сурч байсан бэ?
-Өмнө нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд сурч байсан. ЕБС-иудад бидний хүссэн мэргэжлийн чиглэлээр хичээлүүд гүнзгийрч ордоггүй. Математик, физик, хими гээд ерөнхийд нь л заадаг. Энэ бол миний хүссэн зүйл биш л дээ. Тиймээс ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд миний хүсэж байсан анги шинээр нээгдэхээр нь шалгалт өгч тэнцээд орсон.
-Яагаад энэ ангид элсэх болов?
-Би угаасаа ШУТИС-ийн инженерийн ангид шалгалт өгч тэнцчихсэн байсан. Тэр нь физик, математик суурьтай болохоор ЭЕШ-даа амжилттай оролцох байх гэж бодоод явж байсан юм. Тэгтэл миний яг хүссэн анги шинээр нээгдэж байгааг мэдээд шалтгалт өгч нэгдүгээр байранд тэнцээд орж ирсэн.
-Математик, физикийн хичээлд анхнаасаа дуртай байсан уу? Олимпиад уралдаанд оролцож байв уу?
-Математикийн хичээлээр нэгдүгээр ангиасаа хойш олимпиад уралдаанд оролцож эхэлсэн. Харин физикээр бол сургуулийнхаа хэмжээнд оролцож эхний нэг хоёрт жагсдаг байсан.
-Энэ ангид элсэх шалгалт нь хэр санагдсан бэ? Тэнцсэнээ мэдээд хэрхэн хүлээж авав?
-Элсэх шалгалт боломжийн санагдсан. Өөрийгөө нэгдүгээр байранд орно гэж бодоогүй л дээ. Хариугаа гарахыг хүлээж байгаад өөрийнхөө кодыг бүр доороос нь эхэлж хайж үзтэл байгаагүй. Тэгтэл харин хамгийн дээр нь байсан. Тэгээд баярласандаа шууд аав ээждээ хэлсэн /инээв/.
-Одоо ахлах ангийн сурагч болж, шинэ ангид, шинэ найзуудтай болж байгаадаа сэтгэгдэл хэр байна?
-Манай ангид одоо 25 хүүхэд суралцана гэсэн. Шинэ ангид, шинэ найзуудтай болж байгаа учраас бүгд гоё байгаасай л гэж бодож байна. Тэгээд өөрийнхөө хүссэн салбарт, хүссэн чиглэлээр сурч, ирээдүйд бусдаасаа нэг алхам урд алхах боломжтой болсондоо баяртай байна. Хэрэв би ШУТИС-даа үргэлжлүүлээд сурна гэвэл ахлах сургуульдаа үзсэн хичээлээрээ кредит оноогоо тооцуулаад бусдыгаа бодвол бага хугацаанд бакалаврт суралцаж төгсөх боломжтой учраас их сайхан байна.
-Цаашид энэ чиглэлээрээ үргэлжлүүлж сурах уу?
-Тэгнэ. Ер нь боломж байвал үргэлжлүүлээд докторт хүртэл сурч чадварлаг сайн мэргэжилтэн болохыг л хүсдэг. Тиймээс энэ бол хүсэл мөрөөдөлдөө хүрэх анхны алхам маань байх.
-Ярилцсанд баярлалаа. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)