Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам /ЦХХХЯ/-ны санаачилгаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк /МТҮП/-д ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги шинээр нээгдлээ.
Тус чиглэлээр хоёр гүнзгий анги гаргаж, нийт 50 сурагч суралцуулж байгаа аж. МТҮП-д хичээлийн хоёр танхим гаргаж тохижуулсан бөгөөд сурагчид өнөөдрөөс хичээллэж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХ-ны зөвлөх, ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Т.Намнан нар болон ШУТИС-ийн удирдлага бусад төлөөлөл, багш, сурагч, эцэг эхчүүд оролцсон юм.
ЦХХХ-ны сайд Н.Учрал нээлтийн эхэнд үг хэлэхдээ, “Цахим яамны бодлого чиглэл, хүний нөөц, мэдээлэл зүйн мэргэшсэн ирээдүйн инженерүүдийг бэлдэх зорилгоор ШУТИС-тай хамтран МТҮП-ын дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай хоёр ангийг өнөөдөр нээж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. МУ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39 мянган инженер шаардлагатай учир хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд ЦХХХЯ онцгой анхаарч байна” хэмээв.
МТҮП-ын захирал Ж.Золзаяа МТҮП цаашид технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, сайжруулах чиглэлд онцгой анхаарч, ахлах сургуулийн сурагчдыг инкубатор компаниудад дадлага хийх орчин, ажлын байраар хангаж ажиллах боломжтой гэж мэдэгдлээ.
ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан “Ази тивд, энэ их мэдээлэл технологийн хөгжлийн бүсэд, том эдийн засгийн дунд байгаа Монгол Улс техник технологийг хөгжүүлэх нь чухал асуудал. Үүнийг гардан бүтээх хүмүүс бол инженерүүд. Тиймээс инженер технологийг бэлтгэдэг төрийн өмчийн тэргүүлэх сургуулийн хувьд бид үүнд ач холбогдол өгч, сайн мэргэжилтнүүд бэлтгэж, улс эх орныхоо өмнө онцгой үүрэг хүлээж ажиллах ёстой. Монгол Улсын технологи, инновацын асуудал бол ирээдүйн хөгжлийн дархлаа” гээд энэ зууны чухал суурь болсон мэдээллийн технологийн суурьтай ангийг нээж, эхлүүлж байгаад талархал илэрхийллээ.
Энэхүү ахлах сургуульд суралцсанаар:
- Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой.
- Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой.
- Мэргэжлийн сертификат олгоно.
- Дадлага хийх орчин, ажлын байраар хангах юм.
Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн ангид есдүгээр ангиа төгссөн сурагчдаас шалгалт авч, оноогоор жагсаан эхний 50 хүүхдийг шалгаруулж, ийнхүү хоёр анги болгон суралцуулж байна.
Б.Хишиг