Энэ хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Үүнийг хувирал гэж хэлж болох ч, хувирч өөрчлөгдөж буй мэт шошгоны цаана үлдсэн хувирч өөрчлөгдөөгүй зүйлийн талаар өгүүллээ.
Байдаг л нэг баасан гарагийн өглөө. Атал хөгжим нүргэлнэ. Багш, сургууль, бага насны тухай дуунууд ээлж дараалан сэтгэл бөмбөрдөнө. Энэ бол есдүгээр сарын 1. Тэгэхээр байдаг л нэг баасан гарагийн өглөө яавч биш. Ялангуяа сурагч багачуудын хувьд гурван сарын дурсамжаа хүртэл үүрээд сургуулийн зүг алхах өдөр.
Шинэ гутал, баглаа цэцэгс гэх мэт олон гоёмсог зүйлийн дунд хуучин гуталт алхаж байна.
Гэвч аль нь ч ялгаагүй, урьдын танил замаар сургуулийн зүг бэдэрнэ. Энэхүү танил замын төгсгөлд өөр өөрсдийн минь очих ёстой газар бий. Гэнэтхэн дуусчихдаг явган хүний зам, хагарч бутарсан цементийг давж, тойрч явсаар эцсийн цэгтээ хүрнэ.
Энэ хичээлийн жилээс улс даяар сургалтын хөтөлбөр, бүтэц өөрчлөгдөж буй. Үүнийг дагасан олон зүйл сурагчдыг хүлээж буй нь гарцаагүй.
Бид хүүхдүүдийг чанартай боловсрол эзэмших ёстой гэж ам уралдан ярьдаг хэрнээ стандартын шаардлага хангасан замаар алхан сургуульдаа хүрэх ёстой гэж ярьдаггүй.
"Шинэчлэл" гэсэн шошго зүүчхээд, жил болгон нэг л газрын холцорсон ханыг будаж зогсвол юун шинэчлэл байх вэ. Хүүхдийн тухай ярихдаа тэднийг зөвхөн "сурах ёстой" мэтээр хандана, тэд ч гэсэн "амьдардаг" гэдгийг санах хэрэгтэй ч шиг.
Мөн "Ачааллаа дийлэхгүй байгаа тул БЗД-ийн 21 дүгээр сургуулийн 4-р ангийн 12 бүлгийн 480 гаруй хүүхдийг хуучнаар Эко-Ази гэх дээд сургуулийн том заалыг түрээслэн оруулахаар болсон нь үнэн" гэдгийг холбогдох хүн хэллээ.
Гурван ээлжийг халах нэрэн дор нэг сургуулийн сурагчид өөр талд стандартын бус анги танхимд хичээлээ үзэхээр болж байна.
М.Жаргал