Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны (2 блок барилга) удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулж байна. Энэ үеэр Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн дараах мэдээллийг өглөө.
-Тухайн барилга байгууламжууд нь үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул газар чөлөөлөх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсантай холбоотойгоор албадан буулгах захирамж гарсан. Иргэдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй тул уг барилгуудад яаралтай арга хэмжээ авах нэн шаардлагатай байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл тус бүртэй уулзаж, ярилцсан. Өнөөдөр байршил тус бүр дээр ирж, удирдлагуудад нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг албан ёсоор танилцуулж байна.
Тус аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтнуудад авах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт өгсөн.
Хамгийн гол нь иргэдийн амь нас аюулгүй байдалд эрсдэл, аюул үүсээд буй тул шүүхийн процессыг хүлээн, ажлыг удаашруулж, замхруулж болохгүй. Сэлбэ, Дунд голын орчимд газар олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Дээрх барилга байгууламжууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул буулгах шаардлагатай гэсэн Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлтэд үндэслэн, хуульд заасны дагуу албадан буулгах захирамж гарсан.
Албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Тиймээс шуурхай шийдвэрлэх боломжтой асуудлуудыг яаралтай шийдвэрлэж, хүндрэлтэй асуудалд хуулийн байгууллагатай хамтран ажиллах юм. Гарч буй дүгнэлт, захирамж, шийдвэрүүд бүгд хуулийн заалтад үндэслэсэн хэмээв.