Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан ХӨСҮТ-өөс гэдэсний халдварт өвчин, томуу болон бусад халдварт өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-д яаралтай тусламжийн үзлэгээр өдөрт дунджаар 40-60 хүн ирж үзүүлдэг. Дийлэнх тохиолдол буюу 30 орчим хувь нь гэдэсний халдварын ямар нэгэн зовуурьтай хүмүүс ирж байгаагаас цусан суулгын шинж тэмдгээр өвчилсөн хүүхдүүд ихэнх тохиолдлыг эзэлж байна. Үйлчилгээний хувьд аль болохоор тухайн өвчтөнийг эмнэлэгт тусгаарлан хэвтүүлэх зарчим баримталж байгаа. Мөн ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалж гэрийн эмчилгээг зөвлөдөг байна.
Өнөөдрийн байдлаар 218 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс халдвартын клиникт 127, сүрьеэгийн клиникт нийт 90 өвчтөн байна. Өвчлөлүүдээс гэдэсний халдварт өвчин зонхилсон.
Дулааны улиралд ус, хөрсний бохирдол, үерийн асуудлаас үүдэлтэй өвчлөл нэмэгддэг. Гэдэсний халдвараар 41 хүн хэвтэж байгаагаас цусан суулгаар 35 хүн, сальмонеллын халдвараар 4 хүн, хоолны хордлогот халдвараар 2 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн салхин цэцгийн халдвар 6, хачгийн халдвар 1, улаан эсийн халдвар 1, гар хөл, амны өвчтэй хүн 1 байна. Сэрүүний улиралд тууралтат халдвар нэмэгддэг тул энэ үеэр өвчлөл харьцангуй бага байдаг. Түүнчлэн сэрүүний улиралд амьсгалын замын халдварт өвчлөл ихэсдэг тул хичээл эхэлж байгаа энэ үеэр хүүхдүүддээ сайн анхаарч, илчлэг сайтай хоол хүнсээр хангах шаардлагатай гэв.