Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-өөс гэдэсний халдварт өвчин, томуу болон бусад халдварт өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр "ХӨСҮТ-өөс тандалт болон вирус судлалыг тогтмол хийдэг. 34 дүгээр долоо хоногийн мэдээгээр нийт амбулатори үзлэгийн 3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх долоо хоногт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Нийт өвчлөлийн 70-80 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Амбулаториор үзүүлж байгаа хүүхдүүдийн 56 хувь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 60 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар томуугийн вирус орчилт орж ирээгүй байна. Томуу, томуу төст өвчний вирус буюу адино, рино вирус, Н томуугийн вирус голчилж, ковидын вирус долоо хоногт дунджаар 7-10 тохиолдол бүртгэгдэж байна. Улсын хэмжээнд идэвхжил өндөр, шинэ хувилбар бүхий тохиолдол бүртгэгдээгүй. Бид найман боомтод хилийн тандалт хийдэг. Тухайн боомтуудад ажиллаж байгаа ажилчид, ойр орчимд нь амьдарч байгаа хүмүүсээс насны бүлгээр шинжилгээ авч сорьц цуглуулдаг. Одоогоор сорьцонд энэ өвчлөлийн вирус илрээгүй байна. Тандалтыг тогтмол хийж байгаа" хэмээн мэдээллээ.