Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа Шунхлай ШТС, S Outlet 2 блок барилга, Акуа Гарден хотхоны (2 блок барилга) удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулж байна. Энэ захирамжийг Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулж, дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Албадан буулгахтай холбогдуулан нийслэлийн холбогдох газар хэлтсүүдэд үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр Шунхлай ШТС, S Outlet 2 блок барилга, Акуа Гарден хотхоны гээд гурван асуудал яригдаж байна. Газар албадан чөлөөлөх шийдвэр гараад хэрэгжилт хангагдахаар ажлын хэсэг гарч ажиллаж байна. Компаниудтай тус бүрд нь урьдчилж нэгээс хоёр удаа уулзсан. Мөн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон.
Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл хангагдахгүй байгаа учраас яаралтай шийдвэр гаргаж, өнөөдрөөс албадан чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлтүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу зохион байгуулж байна. Өнөөдөр үер болоод асуудал хүндэрвэл бид шүүхийн процессыг хүлээж байна гээд байж болохгүй. Асуудал дөнгөж эхэлж байна. Асуудлуудыг ээлж дараалан шийдвэрлэх ёстой" гэв.
Д.Батчулуун