Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Залуу офицеруудын чуулган”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа бөгөөд уг чуулганыг угтаж, олон арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.
Эдгээр ажлуудын нэг болох “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын буудлагын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр (2023.08.27 ) “Ханан Ар буудлага, спорт, сургалтын төв“-д болж өнгөрлөө.
Тэмцээнийг нээж, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, Хурандаа Д.Тэмүүлэн үг хэлэхдээ” Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг залуу офицер шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргаж байна. Энэ хүрээнд зохион байгуулагдаж буй сүүлийн тэмцээн болох өнөөдрийн арга хэмжээ нь залуу офицеруудыг дэмжих, тэдний манлайллыг бий болгох, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэсэг юм. Цэргийн мөрдөс зүүсэн алба хаагчдын гол ур чадварын нэг нь зэвсэгтэй аюулгүй харьцах, ямар ч нөхцөлд ямар ч төрлийн галт зэвсгээр мэргэн буудах ур чадвартай байх ёстой. Тиймээс өнгөрсөн хугацаанд энэ төрлийн тэмцээн, уралдааныг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд үр дүнд нь нийт алба хаагчдын ур чадвар эрс нэмэгдэж байна” хэмээн онцлон дурдлаа.
Төрийн тусгай хамгаалалтын газраас зохион байгуулсан энэхүү тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 40 гаруй алба хаагч оролцож таван байршилд гар буу, карбин, гарбуу-карбин зэрэг 3 төрлөөр ур чадвараа сорьсон.
Ийнхүү Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө залуу насаа зориулан ажиллаж буй алба хаагчдын төлөөлөл хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд буудлагын аваргаа шалгарууллаа.
Багийн дүнгээр тэргүүн байр Төрийн тусгай хамгаалалтын газар, дэд байр Цагдаагийн ерөнхий газар, гуравдугаар байрын эзнээр Зэвсэгт хүчний жанжин штаб тодорлоо.
Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
-Тэргүүн байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын оролцогч Т.Цэрэннадмид
-Дэд байрт Зэвсэгт хүчний жанжин штабын оролцогч Ж.Отгонбаяр
-Гуравдугаар байрт Хил хамгаалах ерөнхий газрын оролцогч М.Буянхишиг
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
-Тэргүүн байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын оролцогч М.Энхбаяр
-Дэд байрт Цагдаагийн ерөнхий газрын О.Баттөгс,
-Гуравдугаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын Б.Хүслэн
Халз буудлагын төрөлд: Тэргүүн байрт Төрийн тусгай хамгаалалтын хамгаалалтын газрын оролцогч М.Энхбаяр нар тус тус шалгарлаа.