ЦХХХЯ-наас мэдээллийн технологийн инженерүүдийг бэлтгэх ажлын хүрээнд ШУТИС-тай хамтран тус сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж, ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхий боловсролын зарим сурагчдад энэхүү ангид элсэлтийн шалгалтгүй суралцах эрхийн бичиг гардууллаа.
Тэрбээр, "Аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед бид технологийн суурьтай мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлага гарч байгаа учраас ахлах сургуульд инженер технологийн чиглэлийн суурьтай суралцагч бэлтгэхийг зорьж байна. Тиймээс ШУТИС-тай хамтран энэ ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Цаашид манай улсад 38 мянган инженер шаардлагатай гэсэн тооцоо гарсан.
Тэр ч утгаараа хүний нөөцийг бэлтгэхэд хамтарч ажиллах санаачилгыг дэмжсэнд бид их талархаж байна. Энэ оны хувьд ЦХХХЯ хүний нөөцөө бэлтгэх бодлогыг баримталж саяхан HUAWEI компанитай байгуулсан 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд эхний 10 сурагчийг Доха хот руу сургалтад хамруулахаар илгээсэн. Цаашлаад цахим болон танхимын сургалтуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлнэ.
Мөн Ерөнхий сайдын хийсэн айлчлалын үр дүнд Гүүгл компанитай байгуулсан 1500 инженер бэлтгэх ажлыг манай яам хийж гүйцэтгэж байна.
Хувийн хэвшил, мэргэжлийн холбоодуудтай хамтраад нийслэлийн ЕБС-иудын мэдээлэл зүйн багш нарыг чадавхжуулах сургалтыг ирэх намраас эхлүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр бид ахлах сургуульдаа нийслэл, дүүргийн олимпиадад амжилттай сайн оролцдог, мөн аймаг, нийслэлийн боловсролын газраас тухайн сурагчийг тус хичээлдээ онц сайн суралцаж байгаа гэсэн тодорхойлолтод үндэслээд энэхүү ахлах сургуульд суралцах эрхийн бичгийг гардуулж өгөх гэж байна. Энэ ангид сурснаараа тодорхой хичээлийн цагуудыг ШУТИС-д тооцуулж, үргэлжлүүлэн сурах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр кредит цагийн тогтолцоотой ШУТИС-д богино хугацаанд мэргэжил эзэмших давуу талтай. Тиймээс ЦХХХЯ-ны зүгээс амьдрал практикт ойрхон байлгах үүднээс хөтөлбөр дээр нь хамтарч ажилласан.
Улмаар манай салбарын хувийн болон төрийн өмчит компаниудад энэ ахлах сургууль, их сургуулийг төгссөн мэргэжилтэн, инженерүүдийг ажилд авах нөхцөл бололцоог бүрдүүлнэ.
Инженер технологийн чиглэлээр цаашдаа мэргэшүүлэхэд нь бид тус дэм өгөх үүднээс салбарын харьяа байгууллагуудаар очиж аялах сургалтуудыг тогтмол зохион байгуулна гэдгээрээ онцлогтой" гэв.
Б.Хишиг