Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзоригийг Авлигатай Тэмцэх Газарт шалгуулах талаар тус аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн Засаг дарга н.Гантөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Баянбогд багийн Баянбогд гэж аймгийн тусгай хамгаалалттай уул бий. Энэ уулын ойр орчим бол орон нутгийн тусгай хамгаалалттай газар. Үүнийг аймаг, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас нь гаргаж өгнө үү гэх хүсэлтийг Эрдэнэс Баянбүрд компани тавьж, энэ дагуу сумын ИТХ хоёр удаа хуралдсан. Тогтоол шийдвэр нь хэвээрээ үлдээе гэж эхний хуралаар шийдсэн. Харин хоёр дахь хурлын өмнөх орой Б.Ганзориг дарга ирж төлөөлөгч нартай уулзсан байгаа юм.
ИТХ гэдэг бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, намын үүр биш. ИТХ иргэдийнхээ эсрэг зогсож байгаад үнэхээр харамсаж байна.
Эрдэнэс Баянбүрд гэдэг компанид орон нутгийн тусгай хамгаалалттай газарт давхардуулан лизенц олгосон. Засгийн газрын 110 дугаар тогтоолоор олгосон. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар манай сумын засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг дуудаж, тогтоолыг цуцлал гэсэн байдаг. Сумын онцгой хамгаалалтын бүсийг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргаж өг гэдэг бол маш том гэмт хэрэг" гэв.
Д.Батчулуун