Наймдугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгаас тэргэнцэртэй марафон эхлүүлж, 670 км замыг туулан нийслэл хотод ирээд буй Дорнод аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо"-ны тэргүүн Д.Батхуягийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Тэрбээр "Тухайн хүн хаана амьдардаг байх нь хамаагүй, хүн болгон хуулинд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлж амьдрах хэрэгтэй. Тийм учраас би шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэе, эрхийг нь бодит болгоё гэсэн зорилготой явж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй болохоор л тэтгэвэр тэтгэмж аваад, халамж хүртээд л байж байх ёстой хүмүүс биш. Бид хөдөлмөр эрхэлж чадна. Үнэхээр чадахгүй хүмүүсийнх нь тэтгэвэр тэтгэмжийг нэмээд, хөдөлмөр эрхэлж чадах хүмүүсийг ажлын байраар хангах л хэрэгтэй байна.
ААН, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулна гэчихээд ажлуулдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг маань ААН байгууллагуудад ажилд авдаг болгооч, тухайн хүнийг байнгын ажлын байртай болгооч.
Манай Дорнод аймаг 4 мянга гаруй ХБИ (хөгжлийн бэрхшэлтэй иргэн) байна. Түүнээс 3 мянга гаруй нь ажил хийх боломжтой ч 200 гаруй хүн л ажил хийж байна. Бодлого дээр анхааръя. Шийдвэрийг бодит болгоё. Би ХНХЯ-ны сайдтай уулзахдаа ч энэ үгээ хэлнэ. Үндэсний хэмжээний ажил хэрэг болгох хэрэгтэй.
Бид малаа тоолж чаддаг мөртлөө хүнээ тоолж чаддаггүй.
ХБИ-ийн статистик судалгаа байх хэрэгтэй. Энэ мэтчилэн тулгамдсан асуудал олон байна. ХБИ ажил хийх юм бол 300, 400 мянган төгрөг аваад яах юм бэ. Нэг сая гаруй мянган төгрөгийн цалинтай ажил хийж болно шүү дээ, тэр хүн. Асуудлууд байхад шийдвэр гаргах түвшний хүн сэтгэл гаргадаггүй. Иргэд нь шахаж шаарддаггүй, урсгалаараа л яваад байдаг. Энэ байдлыг больё гэсэн үүднээс би зориг гаргаж явлаа. Зорьсондоо хүрлээ.
"Би чадна" гэсэн уриатай. Бид чадсан гээд буцмаар байна. Мөнгө төгрөгтэй холбоотой цөөн асуудал бий. Ихэнх нь хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг болох л асуудал.
-Замд саад их байлаа. Булганы 27 гээд хүмүүс мэднэ дээ. Тамын 50 гэдэг зам ч бий. Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын соёлгүй харилцаа байна.
Өнөөдөр би тэргэнцэртэйгээ амь өрссөн замыг туулж л ирсэн.
Өдрийн цагаар тэргэнцэртэй хүн явж байхад харж л байгаа шүү дээ. Хурдаа хасаж болно. Зарим нь тэгж өнгөрсөн, баярласан. Ийм бэрхшээлүүд байлаа. Даралт их байна гэсэн ч би буцаагүй. Сэтгэл зүйч, эмч авч явъя гэсэн ч бидэнд санхүүгийн бололцоо байгаагүй. өөрсдийн боломжоор яваад бариандаа орж ирсэн. Надаас гадна 4 хүн явж байгаа. Спортын гурав, урлагийн нэг хүн. Надтай арав гаруй жил урлаг, спортоор холбогдон хамт явсан. Би менежер хийгээд бүх уралдаан тэмцээнд оролцуулдаг.
Миний хамгийн итгэлтэй, сайхан хүмүүс 670 км замыг хамтдаа туулж, жаргал зовлонгоо хуваалцаж ирлээ. Ядарч байна уу гэхэд үгүй л гээд. Гутлынх нь ул элэгдчихээд байхад, хөл нь холгуулчихаад байхад "зүгээр байна аа" гэсээр л бид ирсэн.
-Замд явахад халуун цай, ус ундаа өгч байсан хүмүүс бий. Бидэнд үгээрээ маш их урам зориг, эрч хүч өгсөн.
Дорнодоос Улаанбаатар хүртэлх 21 хоногт тааралдсан хүн бүрд баярлалаа гэж хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливааг хийж чаддаг юм шүү. Бидэнд зөвхөн сэтгэл бас зориг дутдаг. Сэтгэл зүтгэл байхад ямарваа нэгэн зүйлийн ард гардаг гэдгийг л харуулах гэсэн юм" хэмээлээ.
М.Жаргал