ХХААХҮЯ-нд Улсын ургацын комиссын 2023 оны хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр ургац хураалты урьдчилсан балансын талаар мэдээллээ.
Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа бөгөөд улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 70 мянган тонн буюу 17 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувиар, малын тэжээл 67.2 мянган тонн буюу 42.4 хувиар өсөхөөр байна.
Энэ жилийн хувьд 4, 5 дугаар саруудад хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс 5-7 хоногоор хожуу эхэлсэн ба ургалтын хугацаанд газар тариалангийн төвийн бүсэд цаг агаар тааламжтай, хур тунадас дунджаас ахиу орсноор таримлын өсөлт хөгжилт сайжран, ургацын болц жигдэрч ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байна. Мөн улаанбуудайн үр, технологийн шинэчлэл хийсний үр дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.8 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэх төлөв гарчээ.