ХХААХҮЯ, Улсын ургацын комиссын 2023 оны хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр цаг агаарын нөхцөл байдал ургацад хэрхэн нөлөөлж буй талаар мэдээллээ.
Энэ жил 4, 5 дугаар саруудад хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс 5-7 хоногоор хожуу эхэлсэн ба ургалтын хугацаанд газар тариалангийн төвийн бүсэд цаг агаар тааламжтай, хур тунадас дунджаас ахиу орсноор таримлын өсөлт хөгжилт сайжран, ургацын болц жигдэрч ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байна. Мөн улаанбуудайн үр, технологийн шинэчлэл хийсний үр дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.8 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэх төлөв гарлаа.
Харин Увс, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймгуудад зуны эхэн үед хур тунадас бага орж гандуу байсан, мөндөрт цохиулах зэргээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ургамлын өсөлт хөгжилт саарч, ургацын болц жигд бус, ургацын хэмжээ өмнөх жилүүдээс харьцангуй буурахаар байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Есдүгээр сарын дунд үеэр харьцангуй дулаахан байх тул тариа ногоогоо хурааж, хадлан тэжээл, өвлийн бэлтгэлээ хангахыг анхааруулж, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах үүднээс ургацын зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шуурхай засварлах, ургац хураалтад оюутан, сонсогчид, иргэдийг ажиллуулах боломж, нөхцөлөөр хангах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.