Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт дараах шаардлагыг хүргүүллээ.
Шаардлага хүргүүлэх тухай:
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/ нь хараагүй хүмүүсийн хүний эрхийг хамгаалж, тэдний нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн асуудалд анхаарч, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцоход нь бүх талаар дэмжин ажилладаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Сүүлийн үед зарим төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хараагүй иргэдийн асуудалд хайхрамжгүй хандах, ялгаварлан гадуурхах, үл тоох, улмаар басамжлан доромжлох явдал газар авлаа.
Тухайлбал,
2023 оны 8 дугаар сарын 24 -ны өдөр Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө нь МХҮХ-ны ерөнхийлөгч Б.Ганзоригтой утсаар ярихдаа “аятайхан байгаарай чи муу”, Б.Ганзоригийн “Хоёулаа нүүр тулж уулзъя, тантай ярилцмаар байна” гэх хүсэлтийнх нь хариуд “Чи хүний нүүр харах уу” гэх зэргээр түүнийг харааны бэрхшээлийнх нь байдлаар ялгаварлан гадуурхаж, доромжилж, сүрдүүлэн заналхийлсэн үйл явдал боллоо.
Энэ нь Эрүүгийн хуулийн 14.1 “Ялгаварлан гадуурхах зүйл ангийн эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхах ”, 14.1.2 “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэрэг мөн” гэж заасан байдаг.
Бид үүнийг хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд төрийн байгууллагууд, ажилтан албан тушаалтан, удирдлагын зүгээс гаргаж буй нийтлэг хандлагын илрэл гэж үзэж дараах шаардлагыг тавьж байна.
Үүнд,
-Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт хараагүй иргэдээс уучлалт гуйлган огцруулж, ёс зүйгүй төрийн албаны ажилтан албан тушаалтнуудад хариуцлага тооцох
-МХҮХ, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, Сургалт, Хөгжлийн Төвийн /ХХХСХТөв/ гадна талбай, орчны тохижилтын ажлыг нэн даруй хийж гүйцэтгэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх
-НҮБ-н Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн хэрэгжилтийг хангаж, зарим яам, агентлаг дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулах
-2023 оны 5 дугаар сард иргэний нийгмийн байгууллагуудтай уулзах үедээ ХБИргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг хүлээн авч уулзана гэсэн амлалтдаа хүрч, ойрын хугацаанд уулзах
Бидний энэхүү шаардлагыг 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн дотор шийдвэрлэхгүй байх аваас бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээсэн шаардлагыг хүргүүллээ.