Хэрэглэж дууссан зай буюу батарейг(Battery) ахуйн хогтой хамт хаяж болохгүй. Учир нь ганцхан ширхэг батарей (бидний нэрлэдгээр хуруу зай) нь байгальд ил задгай хаягдвал 1 м.кв хөрс, 8 тонн (8000 литр) усыг бохирдуулдаг байна.
Батерей (Battery) нь өөртөө кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хорт метал, элемэнтүүдийг өөртөө агуулдаг учир байгальд хор уршиг, сөрөг нөлөө ихтэй юм. Мөн хүүхдийн, тэр дундаа 0-6 насныхны эрүүл мэндэд илүү сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, хүүхдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг. Мөн хорт хавдар, уушигны өвчлөл, уураг тархины саажилт үүсгэдэг ажээ.
Сүүлийн үед хүүхдийн тоглоомууд бүгд зайгаар ажилладаг болсон бөгөөд хүүхдүүд зай залгиж яаралтай мэс засалд орох, хоолой, ходоодоо тайруулах тохиолдол ихээр гарч буй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ аль болох зайгаар ажилладаггүй тоглоом авч өгөх, зайлшгүй тохиолдолд хараа хяналтаа сайжруулахыг анхаараарай.
Гадны орнуудад энэ тал дээр ихээхэн ач холбогдол өгч, анхаарч үздэг. Тухайлбал, Германд 1998 оны 10 сараас хүмүүс зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн, хэрэглэж дууссан зайгаа дэлгүүрүүдэд буцааж өгдөг заншил тогтсон байна. Зайнуудаас дахин ашиглаж болохуйц материалаар хийгдсэнийг нь үйлдвэрт илгээж, боломжгүйг нь албан ёсоор устгадаг гэнэ.
Харин манай улсад зарим аж ахуй нэгж, албан газруудад хурааж эхэлсэн бөгөөд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн 207 тоотод байрлах "Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо" болон CU дэлгүүр, Daiso дэлгүүр, бүх цаг засварын газруудад ашиглаж дууссан батарейнуудаа өгч болох аж. Тэндээс тусгай хог хаягдал авдаг хүмүүс ирж авдаг байна.