Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын "Шилдэг офицер" шалгаруулах тэмцээний эмэгтэй офицеруудын төрөлд тэргүүн байрыг эзэлсэн гэзэгтэй дуулгатан Нацагдоржийн Дэлгэрмаа байлаа. Байгууллага бүрээсээ шилдгээр шалгарсан мөрдэстэй бүсгүйчүүдээс давж шалгарсан нь түүнийг ямар их хөлс хөдөлмөрөө зарцуулж ирснийг батлана.
Ахмад Н.Дэлгэрмаа буудлага, цэргийн дүрмийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, гадаад хэлний мэдлэг, эсээ бичих чадвар, илтгэх чадвар, сэтгэл зүйн сорил, багаар ажиллах гэсэн найман төрлийн дөрөвт нь шагналт байр эзэлж, илт давуу ялалт байгуулсан байна.
Буудлагад нэг, бие бялдрын бэлтгэлжилтэд хоёр, эсээ бичлэг болон цэргийн дүрмийн мэдлэгт тус бүр гуравдугаар байр эзэлж, таван ч удаа медалийн тавцанд гарчээ. Цэрэгжлийн спортын мастер, сагсан бөмбөг, гар бөмбөгийн шилдэг тамирчин, маршийн замыг амжилтаараа дархалсан офицер, мэргэжлийн цэргийн сэтгэл зүйч, цэнхэр дуулгатан гээд онцгойрох зүйл түүнд олон билээ.