Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн тавдугаар сард Английн "Pearson" байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд тус байгууллагын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр (Pearson BTEC International IT Level 3)-ийг энэ хичээлийн жилээс зургаан политехник коллежид нэвтрүүлэхээр болоод байна.
Энэхүү ажлын хүрээнд Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Техник технологийн дээд сургууль, Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнод аймгийн Политехник коллежууд олон улсын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлэх төв болох эрхийн цахим сургалтад хамрагдсан юм.
Түүнчлэн ирэх есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Pearson BTEC-ийн олон улсын сургагч багш нар Монгол Улсад ирж, политехник коллежийн мэдээллийн технологийн багш нарт сургалт явуулна. Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид үндэсний болон олон улсын мэргэжлийн дипломтой төгсөх бөгөөд ажлын байранд шууд ажиллах эсвэл дотоодын болон гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болох юм.
Уг хөтөлбөр нь дэлхийн 70 гаруй орны 300 гаруй их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн. Ажил олгогчид болон их дээд сургуулиудын хайж буй мэдлэг, ур чадварыг ажлын байрны бодит нөхцөл байдалтай уялдуулан чанарын өндөр түвшинд олгодог давуу талтай. Тус хөтөлбөрөөр жил бүр 1 сая суралцагч төгсдөг аж.