Монгол Улсын Зэвсэгт хүчин, Канад Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Цэргийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нь” сэдэвт олон улсын сургалт амжилттай явагдаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь цэргийн алба хаагчдынхаа сургалт бэлтгэл, мэдлэг чадварт чиглэсэн олон улсын болон хамтарсан сургалтуудыг бусад орны Зэвсэгт хүчинтэй хамтран хэрэгжүүлж ирсний нэг нь цэргийн сэтгүүлчдийг чадавхжуулах энэхүү сургалт юм.
Сургалтаар оролцогч долоон орны цэргийн сэтгүүлчид туршлага, мэдээллээ хуваалцаж, бусад орны Зэвсэгт хүчний сурталчилгааны талаар олон талын мэдлэг солилцож байна. Тэгвэл сургалтын хөтөлбөрийн дагуу наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас Канад, Бангладеш, Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам улсын цэргийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад Монгол Улсын түүх, ёс уламжлал, зан заншлыг сурталчилсан өдөрлөгийг зохион байгуулж, зарим түүхэн ач холбогдол бүхий дурсгалт газраар аялуулав.
Тэд монголчуудыг аугаа түүхтэй бөгөөд цэргийн алба хаагчдаа хүндэтгэж, бахархдаг нь таалагдлаа хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, төрөлхийн эх оронч үзэл хүмүүжилтэй ард түмэн гэж тодорхойлж байлаа. Олон улсын цэргийн сэтгүүлчдийн мэргэжил арга зүйн сургалт өнөөдөр өндөрлөнө.
Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб