Бид долоо хоног бүр "Хувирал" булангаараа та бүхэнтэй нийгэмд хувьсан өөрчлөгдөж буй зүйлсийн тухай хуваалцдаг билээ.
Монголд юу л байна, CU байна. Араас нь GS25 шил даран салбаруудаа нээсээр. Өглөө эрт ажилдаа, сургуульдаа явахдаа ордог нээлттэй ганц үйлчилгээний байгууллага гэдэг байв. Ихэвчлэн оюутан сурагчид үйлчлүүлнэ. Бас ажил хийж орлоготой болно. Тэд авах ёстой зүйлээ аваад гарна, эсвэл идээд гарна.
Гэтэл зарим хүмүүс бие засчихаад л гараад явчихна, үүнийг бүгд нүдээр үзсэн биз ээ. Үйлчилгээний байгууллагаар "үйлчлүүлж сураагүй", соёлжоогүйн нэг хэлбэр. Санаа зовох сэтгэлээ бүр умартсан шиг.
Нөгөөтэйгүүр энэ бол Улаанбаатар хотод нийтийн бие засах газар тун цөөн байдагтай холбоотой.
Нийтийн бие засах газраас олон байгаа эл байгууллагууд эцэстээ ийм үүргийг гүйцэтгэж, нэг ёсондоо "орлож" байна гэж хэлэхэд ч хилсдэхгүй болов. Тиймээс нийтийн бие засах газрыг олшруулах шаардлага бий.
Эхэндээ бүх зүйл сайхан байдаг ч яваандаа нийгмийн дүр төрх, дутуу гачуугийн өнгөнд уусаж байгааг харж болох тод жишээ бол энэ.
Авсан бол буцаагаад өгдөг, өгсөн бол буцаагаад авдаг соёлтой үйлчлүүлэгч байцгаая.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)