Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Хараагүйчүүдийн-48” байранд халуун ус өгөх ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус байр нь 1983 онд ашиглалтад орсон бөгөөд 60 өрхтэй, 200 гаруй иргэн оршин суудаг. Засвар хийхээс өмнө нь хавар, намрын улиралд халуун ус огт ирдэггүй байжээ.
ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр “Манай байгууллагад “Хараагүйчүүдийн-48” орон сууцны оршин суугчдаас халуун устай холбоотой гомдол тасралтгүй ирдэг байлаа. Өөрөөр хэлбэл, 2007 оноос хойш тус байрны халуун ус тасалддаг болсон. Тэгвэл бид энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрсдийн хөрөнгөөр халуун усны өгөх, буцах Ф50-63 мм-н PPR-110 шугам татах ажлыг хийж, дээрх өрхүүдийг хэвийн халуун усаар хангах ажлыг хийж гүйцэтгэлээ. Иргэдийн зүгээс дээрх ажилд сэтгэл хангалуун байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 352 сая төгрөгөөр дөрвөн байршилд инженерийн шугам сүлжээ солихоос өнөөдрийн байдлаар нэг ажил нь эхэлсэн, гуравт нь тендер зарласан” хэмээв.
“Хараагүйчүүдийн-48” байрны оршин суугч Д.Отгонбаяр:
-Өмнө нь манай байрны халуун ус маш муу байсан. Ялангуяа халаалт авах, татах үед халуун ус ирдэггүй байлаа. Харин одоо халуун ус тасрахгүй болсон. Бага насны олон хүүхэдтэй болохоор өвлийн улиралд хэцүү байдаг байсан. ОСНААУГ-ын ажилчид баяр наадмын өдрүүдэд ч хүртэл амралгүй ажиллаж, биднийг халуун усаар хангаж өгсөн гэв.